ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан юм.
Үндсэн хуулийн цэц 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа 12 дугаар дүгнэлт гаргаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын “... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... эрхтэй. ...” гэсэн; мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно. ...” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзсэнийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн.
Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх буюу шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх асуудлыг зохицуулсны зэрэгцээ 27.1.5 дахь заалтад “төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.” гэж шүүгч түдгэлзүүлж болох зохицуулалттай байсныг өөрчлөн, ахлах шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааг түдгэлзүүлэх зохицуулалт оруулахаар хуулийн төсөлд тусгажээ. Мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт төлбөр авагч, төлбөр төлөгч талуудын эрх ашгийг тэгш хангах үүднээс хоёр дахь дуудлага худалдаагаар үнийг 50 хувиар бууруулж тооцож олгоход төлбөр авагч тал нь хүлээж авахгүй байгаа тохиолдолд анхны дуудлага худалдаагаар тогтоосон үнийн дагуу хүлээж авах хэлбэрээр зохицуулахаар төсөлд тусгасан байна.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 60.3 хувь нь дэмжсэнээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдлаа.
Эх сурвалж: Монгол Улсын Их Хурал (http://parliament.mn/n/gbmy)