ҮҮСМЭЛ ОРД АШИГЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ

            Ашигт малтмалын тухай хуульд 2016 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр үүсмэл орд, түүнийг ашиглах тусгай зөвшөөрөл олгох, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөртэй холбоотой зохицуулалт шинээр орсон. Үүнийг үндэслэн Засгийн газрын 2017 оны 61 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны журам”-ыг батлагдсан.

            Үүсмэл орд гэдэгт олборлолт, боловсруулалт, баяжуулалтын явцад ялгагдсан ашигт малтмалын тодорхой агуулга бүхий дахин боловсруулахад эдийн засгийн үр ашиг гаргаж болохуйц хүдэр, ашигт малтмалын овоолгыг ойлгоно гэж заасан. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг уг талбайд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч, эсхүл тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээд гаргах эрхтэй.

         Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

1.      Хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;

2.      Талбайн зураг болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар;

3.      Үйлчилгээний хөлс төлсөн баримт;

4.      Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ;

5.      Үүсмэл ордын нөөц, агуулгын хэмжээ, орд ашиглах болон боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн дүгнэлт, шийдвэр.

6.      Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хувьд геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гаргасан санал, дүгнэлт.

         Хэрэв тусгай зөвшөөрөл хүсэгч нь уг талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл зөвшөөрөл эзэмшигчтэй үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээд бол дараах баримт бичгийг нэмж хавсаргана:

1.      Үүсмэл орд ашиглах тухай гэрээ байгуулсан гуравдагч этгээдэд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргахыг зөвшөөрсөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны бичиг;

2.      Үүсмэл орд ашиглах гэрээ.

Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгох бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргана.

 

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/annex/details/7693?lawid=12558