ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ

Монгол Улсын Их хурлаас 2015 оны 1-р сарын 29-ний өдөр “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулийг баталсан бөгөөд уг хууль 2015 оны 7-р сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм. Тус хуулиар эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, төр, иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахаар тусгажээ.

Хуульд хүн амыг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх байдлаар ангилсан байх ба Эрүүл мэндийн даатгал нь албан журмын болон сайн дурын  нэмэлт даатгал гэсэн төрөлтэй байхаар заажээ. Эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор Монгол Улсын иргэн болон “Нийгмийн даатгалын тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 2[1] дахь хэсэгт заасан гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна. Харин бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн өөрөө хүсвэл эрүүл мэндийн албан журмын даатгалд даатгуулж болно.

Мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц”-д ороогүй тусламж үйлчилгээ авах зорилгоор сайн дурын нэмэлт даатгалд даатгуулж болно гэж заасан байна.

 

Даатгуулагч нь дараах эрх, үүрэгтэй байхаар хуульчилсан байна.  Үүнд:

  • эрүүл мэндийн чанартай, аюулгүй, тэгш, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах;
  • Хуульд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг энэ хуулийн дагуу тогтоосон хэмжээгээр эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх;
  • эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудаас сонгож үйлчлүүлэх;
  • эрүүл мэндийн даатгалын байгууллага, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эрүүл мэндийн даатгалын харилцаанд оролцогч бусад байгууллагаас эрүүл мэндийн даатгалын талаар мэдээлэл авах;
  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өөрөө шууд төлсөн төлбөрийн баримтыг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагаас гаргуулах;
  • эрүүл мэндийн даатгалтай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага зэрэг эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргах, шийдвэрлүүлэх;
  • эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, зардлын төлбөр, төлбөрийн хөнгөлөлтөнд хяналт тавих;
  • даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нь тухайн жилийн дээд хязгаараас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулах;
  • төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн бүртгэл авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээлэлд цахим байдлаар хяналт тавих,
  • илүү төлсөн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг эргүүлэн авах, эсхүл дараа төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцуулах,
  • эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд төлөх,
  • эрүүл мэндийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээг үнэн зөв мэдүүлэх зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцад дараах тусламж үйлчилгээ хамаарахаар заажээ. Үүнд:

  • хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
  • амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
  • өдрийн эмчилгээ үйлчилгээ;
  • хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж үйлчилгээ;
  • уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ;
  • өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;
  • өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;
  • зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;
  • өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
  • хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
  • жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ гэх мэт хамаарах юм.

Хуулийн  6.1.1-д  заасан  даатгуулагчийн  төлөх  шимтгэлийг  даатгуулагч,  ажил  олгогч тэнцүү хэмжээгээр сар бүр төлөх ба төлөлтийг ажил олгогч хариуцна.  Шимтгэлийн  хэмжээг хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын 4-өөс доошгүй хувиар Засгийн газар тогтооно гэж зохицуулсан.  Одоо үйлчилж байгаа хуулиар энэхүү шимтгэлийн хэмжээг даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувиас хэтрүүлэхгүйгээр Засгийн газраас жил бүр тогтоох ба даатгуулагчийн  төлөх  даатгалын  шимтгэлийн  2  хувийг  аж  ахуйн  нэгж,  байгууллага,  үлдэх хэсгийг даатгуулагч өөрөө төлөхөөр заасан байдаг. Мөн  дээр  дурдсанчлан  даатгуулагчид  үзүүлэх  эрүүл  мэндийн  тусламж  үйлчилгээний хүрээг нэмэгдүүлснээс гадна, хуулийн үзэл баримтлалд шинээр орсон зарчмын чанартай өөрчлөлт бол  урьдчилан сэргийлэх  үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах талаарх зохицуулалт бөгөөд ингэснээр даатгуулагч зөвхөн өвдсөний дараа эмнэлгийн байгууллагад хандах бус аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.


[1] 4.2  1. өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд зааснаар иргэнтэй байгуулсан гэрээний дагуу  ажиллаж байгаа Монгол Улсын  иргэн,  гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

1. Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн (энэ заалтыг өөрчлөн найруулсан бөгөөд 2015.07.01-ний өдрөөс дагаж мөрдөнө)

2. Монгол Улсын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад  орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

3. хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;

4. хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн.