ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БҮРТГЭЛ
Монгол Улсын болоод Гадаадын улсын хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, эдгээрийн улсын бүртгэлтэй холбоотой бүхий л харилцааг 2003 оны 05-р сарын 23-ны өдрийн “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-иар зохицуулж байсан билээ. 2015 оны 01-р сарын 29-ний өдөр УИХ-аас уг хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, мөн оны 03-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэллээ.
Шинэчилсэн найруулгаар хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой харилцааг иргэн, хуулийн этгээдэд хурдан шуурхай, хүртээмжтэй үзүүлэх зорилгоор улсын бүртгэлийг бичгийн хэлбэрээр хийхээс гадна цахим хэлбэрээр гүйцэтгэхээр дараах зохицуулалтыг шинээр оруулсан байна. Тодруулбал:
- Улсын бүртгэлийн байгууллагын цахим хуудсанд хандаж, улсын бүртгэл хийлгэх /хуулийн этгээдийн нэр баталгаажуулах, шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах, хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах, татан буулгах гэх мэт /;
- Хуулийн этгээд болон түүний бүртгэлтэй холбоотой лавлагаа, мэдээллийг цахим хэлбэрээр авах;
- Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлснийг нотлох баримт бичиг буюу улсын бүртгэлийн гэрчилгээг төрийн болон бусад байгууллага улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас татан авч ашиглах;
- Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох ажлыг УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар гүйцэтгэх зэрэг болно.
Тус хуулиар шинээр байгуулсан хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэх үед дараах баримт бичгийг бүрдүүлсэн байхаар заажээ. Үүнд:
- Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;
- Өргөдөл /баталсан маягтын дагуу/;
- Хуулийн этгээд байгуулах шийдвэр;
- Хуулийн этгээдийн дүрэм;
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт орно.
Хэрэв та хуулийн этгээд шинээр үүсгэн байгуулж, төлөөлөгчөөр дамжуулан бүртгүүлэх бол итгэмжлэлийг хавсаргах нь зүйтэй. Мөн бүртгэлийн хугацаа багасч, баримт бичгийг бүрэн гүйцэд хүлээн авснаар Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг /нэмэлт материал бүрдүүлнэ/ ажлын 10 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг ажлын 2 өдрийн дотор шийдвэрлэн, тухайн бүртгүүлэгчийн хандсан хэлбэрээр мэдэгдэнэ.
“Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдаас энэ оны 02 сарын 27-ны өдөр дараах журмуудыг баталсан байна. Үүнд:
- Хуулийн этгээдийн улсын бүртгэл хөтлөх журам (А/39 дугаартай тушаал);
- Гадаадын хуулийн этгээдийн төлөөлөгчийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам (А/40 дугаартай тушаал);
- Хуулийн этгээдийн нэр олгох, баталгаажуулах журам ( А/41 дугаартай тушаал);
- Иргэн, хуулийн этгээдийн тамга, тэмдэг, баталгааны тэмдэг хийлгэх үйл ажиллагаанд хяналт тавих, лавлагаа олгох журам (A/42 дугаартай тушаал)
Мөн Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын дарга “Хуулийн этгээдийн хувийн хэрэг хөтлөх журам” болон хуулийн этгээдийн бүртгэлтэй холбоотой өргөдөл, бүртгэлийн маягтуудын загварыг шинэчлэн баталжээ.
Та шинээр хуулийн этгээд үүсгэн байгуулах болон өөрийн байгууллагын улсын бүртгэлийн мэдээлэлдээ өөрчлөлт оруулах, хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, гүйцэтгэх удирдлага томилох, салбар, төлөөлөгчийн газар байгуулах, бүртгүүлэхтэй холбоотой аливаа улсын бүртгэлтэй холбоотой зөвлөгөөг манай байгууллагаас авах боломжтой болно.