2019-01-01-НИЙ ӨДРӨӨС МӨРДӨГДӨЖ ЭХЛЭХ ХУУЛИУДЫН ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсад 2019-01-01-ний өдрөөс эхлэн дараах хуулиуд мөрдөгдөж эхэлнэ:
Ø Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Ø Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт,
Ø Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга,
Ø Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль,
Ø Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль.
Төрийн албаны тухай хууль:
Төрийн албыг дөрвөн гол чиглэлээр шинэчлэн зорилтыг тухайн хуульд тусгасан юм.
Нэгдүгээрт: Төрийн албыг улс төрөөс ангид байлгах. Сонгууль дуусахад төрийн алба хөдөлдөггүй, улс төрчид нь явдаг зарчим руу оруулах зорилго. Төрийн алба хөдөлсөн ч дотроо хөдөлдөг, гаднаас хүн ордоггүй байх чиглэлийг баримталжээ.
Хоёрдугаарт: Төрийн албыг тогтвортой, шатлан дэвших (мерит) тогтолцоогоор явуулах заалт оруулсан. Ингэснээр төрийн албан хаагчид дотроо шатлан дэвших хэлбэрээр томилогддог болох юм.
Гуравдугаарт: Төрийн албыг хариуцлагатай болгох. Төрийн удирдах албан тушаалтан томилгоо, чөлөөлөлттэй холбоотой буруу шийдвэр гаргах тохиолдол олон гардаг. Үүнээс үүдэж гарсан зардлыг төсвөөс гаргадаг. Харин Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхэлснээр буруу шийдвэр гаргаж, төрд учруулсан санхүүгийн хохирлыг буруутай албан тушаалтан хувиасаа төлдөг болж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, ял эдэлсэн хүн дахиж хэзээ ч төрийн албанд орохгүй байх заалтыг оруулсан юм. Бусад гэмт хэрэг төрийн албанд хамаарахгүй бөгөөд ялтай байдлын хугацаа нь дууссан бол төрийн албанд ажиллаж болно.
Дөрөвдүгээрт: Төрийн албаны зөвлөлийн эрх хэмжээг өргөтгөж, хариуцлагыг чангатгаж байгаа юм. Төрийн албаны зөвлөл шалгалт зохион байгуулдаг газрын л үүрэг гүйцэтгэдэг. Шинэ хуулиар энэ байгууллага төрийн албантай холбоотой хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй болсон юм. Хууль бус шийдвэртэй холбоотой асуудал өмнө нь зөвхөн шүүхээр явдаг байсан бол өнөөдрөөс эхлээд шүүх дээр очихоос өмнө Төрийн албаны зөвлөл шийдэх боломжтой болно.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд оруулсан өөрчлөлт:
Энэ хуулийн гол агуулга нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлх хувь нь төрийн албан хаагчаар давхар ажиллах тухай юм. Энэ хууль хэрэгжиж эхэлснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүсийн гуравны нэг нь төрийн албанд давхар ажиллах боломжтой болж байна. Энэ нь “давхар дээл”-ийг орон нутгийн түвшинд хуулиар хүлээн зөвшөөрч байгаа юм.
Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хууль:
Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон, согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулах асуудлыг энэ хуулиар зохицуулж байгаа юм. Мансуурах донтой ч жирэмсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, мөн насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, 16 нас хүрээгүй хүүхэд, 60-аас дээш настай хүн болон биеийн хүнд эмгэгтэй хүнийг албадан эмчлэхийг хориглох юм байна. Тухайн иргэнийг албадан эмчлүүлэх саналыг цагдаагийн байгууллагаас гаргах бөгөөд албадан эмчлэх эсэхийг шүүхээс шийдэх аж. Албадан эмчлүүлэгч оргон зайлсан тохиолдолд эрэн сурвалжлах ажиллагаанд зарцуулсан зардлыг тухайн иргэнээс гаргуулахаар хуульд тусгажээ. “Албадан эмчилгээг эмчлүүлэгчийн биеийн байдал, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл, давтан эмчлүүлэх тохиолдолд зургаан сараас нэг жил хүртэл хугацаатай хийнэ” гэж заасан байна.
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль:
Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль нь багш нарын хөгжих боломжийг нэмэгдүүлэхээс гадна нийгмийн асуудлыг нь сайжруулахад чиглэгджээ. Тухайн хууль батлагдсаны дараа УИХ-ын Тамгын газраас ач холбогдлыг дараах байдлаар тодорхойлсон юм.
1. Бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих, оролцоог хангах, тэдний хөдөлмөрийг бодитой үнэлэх асуудлыг зохицуулсан бие даасан эрх зүйн орчинтой болсноор багш өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх, сургууль бүр багшийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагааг санхүүжүүлэх замаар сургалтын чанарт ахиц гарах боломж бүрдэж байна.
2. Багшийн мэдлэг, боловсрол, хандлага, ёс зүй, эрүүл мэнд, нийгмийн баталгаа, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлэхэд чиглэсэн багшийн хөгжлийг дэмжих хөтөлбөртэй байна.
Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль:
Ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт, ойн аж ахуйн арга хэмжээний ажил болон импортоор оруулж байгаа гуалингаас бусад бүх төрлийн түлшний зориулалтын мод, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан /OSB/, стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн модон барилгын угсармал хийцийг өнөөдрөөс НӨАТ-аас чөлөөлж эхэллээ. Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай энэ хууль нь 2022 оны арван хоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйлчилнэ. Энэхүү хууль нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг бууруулах, ойгоос нялх моддыг авч хот суурин газруудыг ойжуулах явдлыг зогсоох зорилтой юм.