ГУРАВДУГААР САРЫН 1-НЭЭС ГЯЛГАР УУТ ХЭРЭГЛЭВЭЛ 300`000-3`000`000 ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

    Засгийн газраас 2019 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн өргөн хэрэглээний нийлэг уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэрийг өнгөрсөн оны зургадугаар сард гаргасан.

    “Засгийн газрын ээлжит хуралдаанаар өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг 2019 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн хэрэгжилтэд Гаалийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хяналт тавьж ажиллах юм. Жил орчмын өмнөөс энэхүү шийдвэрийг гаргаж, олон нийтэд зарлаж байгаа нь иргэд болон импортлогчдод эртнээс мэдээлэл хүргэж, бэлтгэлээ хангах боломж олгож байгаа явдал" гэж байсан юм. 

    Тэгвэл тус шийдвэр хэрэгжиж эхлэснээр бүх төрлийн гялгар уутыг худалдаалах, хэрэглэхийг хориглож, хэрэглээг нь хязгаарлах юм. Мэргэжлийн хяналтын байгууллагаас ирэх гуравдугаар сараас нийлэг уутыг хилээр оруулж  ирэх үед хяналт тавьж, худалдаа үйлчилгээнд хэрэглүүлэхгүй байх арга хэмжээ авахаар байна. Тус шийдвэрийг зөрчсөн аж ахуй нэгж, иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 6.1.4 дүгээр заалтад заасны дагуу  “Хууль дүрэм стандартад заасан шаардлагад нийцээгүй сав баглаа боодлыг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдаа үйлчилгээнд хэрэглэсэн бол хувь хүнийг 300 нэгж буюу 300 мянган төгрөг, хуулийн этгээдийг 3000 мянган нэгж буюу 3 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль” ногдуулна.   

 

Эх сурвалж: http://itoim.mn/article/VYiaG/15322