СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭМЖИГДЛЭЭ

Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар тогтоолтой холбогдуулан боловсруулсан Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна.

Үндсэн хуулийн цэц 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаас гаргасан 03 дугаар тогтоолдоо,  Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр батлан гаргасан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 62 дугаар тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ... -р нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчсөн байна гэж үзэж, хүчингүй болгожээ. Мөн  Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн  Улсын Их Хурлын 76 дугаар тогтоолыг хүчингүй болгосон.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон 12 гишүүний 11 нь буюу 91.7 хувь нь хуулийн төслийг дэмжиж Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулахаар тогтлоо.

Уг хуулийн төсөл нь хоёр зүйл, хоёр хэсэгтэй бөгөөд Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөө хойш ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.”, мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн сонгуульд нэр дэвших бол ээлжит сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө; ээлжит бус, нөхөн, дахин сонгуульд нэр дэвших бол сонгууль товлон зарласан өдрөөс ажлын 5 хоногийн дотор хүсэлтээ гаргаж төрийн албанаас болон ажлаасаа тус тус чөлөөлөгдсөн байна.” гэж тус тус өөрчлөн найруулахаар тусгажээ.