ОРОН СУУЦНЫ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ЖУРАМ

  Засгийн гарын 2018-12-05-ны өдрийн 369 дүгээр тогтоолын хавсралтаар Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журам батлагдсан байна.

Хөнгөлөлттэй зээлийн ерөнхий нөхцөл нь худалдан авах орон сууц нь зээлийн барьцаа хөрөнгө болох ба зээлийн хугацаа 360 хүртэл сар, жилийн хүү нь 8%, урьдчилгаа төлбөр нь орон сууцны үнийн дүнгийн 30%-иас багагүй, зээлдэгчийн төлөх сар бүрийн төлбөр нь татварын өмнөх орлогын 45%-иас ихгүй, амины орон сууцны зээл бол зээлийн дээд хэмжээ 60 сая төгрөгөөс ихгүй байх юм.    

Дараах шаардлагыг хангасан нийтийн зориулалттай орон сууц худалдан авах иргэнд орон сууцны хөнгөлөлттэй зээлийг олгоно:

1.    Ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан байх;

2.    Ашиглалтад хүлээн авсан байх;

3.    Нийт талбайн хэмжээ 80 м2-аас ихгүй байх.

Хэрэв амины орон сууц бол нийт талбайн хэмжээ 120 м2-аас ихгүй, шаардлага хангасан амины орон сууцны зураг төсөлтэй байх, инженерийн дэд бүтцийн шийдэлтэй байх, эрчим хүчний хэмнэлттэй, Барилга, хот байгуулалтын сайдын баталсан “Нэг айл орон сууц”, “Нэг айлын орон сууцны барилгын төлөвлөлт, угсралт” БНбД шаардлага хангасан байна.  

Журмаар зээл хүсэгчид тодорхой шаардлагуудыг тавьсан байна. Үүнд:

1.    18 насанд хүрсэн, Монгол Улсын иргэн байх;

2.    Хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх зээлийн өр төлбөргүй байх;

3.    Өөрийн өмчлөлийн орон сууцгүй болохыг тодорхойлсон лавлагааг гаргуулсан;

4.    Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны хөнгөлөлттэй зээлд өмнө нь хамрагдаж байгаагүй байх /Хамтран зээлдэгчээр оролцож байсан бол хамаарахгүй/.

Орон сууцны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн журмын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://www.legalinfo.mn/law/details/13848 сайтаас авах боломжтой.