БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ТУХАЙ
Байгууллагын нууцын тухай хууль нь 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан бөгөөд тус хуулийн зорилт ньбайгууллагын нууцыг тогтоох, хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Шударга өрсөлдөөнт зах зээлд байгууллагын нууцын эрх зүйн орчин зөв бүрэлдэж чадвал бизнесийн байгууллагууд өөрсдийн гэсэн давуу тал, шинж чанар, өнгө төрхийг бүтээж ашиг орлого нь дээшилэхэд чухал нөлөө үзүүлэх онцгой ач холбогдолтой юм.Монгол улсын үндсэн хуулийн 17 дугаар зүйлд “хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална” хэмээн заажээ.
Байгууллагын нууцын тухай хуульд "байгууллагын нууц" гэж хүний эрх, нэр төр, алдар хүнд тухайн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох хуулиар нууц гэж тогтоосон мэдээ, баримт бичиг, биет зүйлийг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Байгууллагын нууцад юу хамаарахыг байгууллага өөрөө тогтоодог.
Байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнт зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ѐсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно. Мөн байгууллагын нууцыг дараах байдлаар ангилна:
- Үйлдвэрлэлийн нууц: үйлдвэрлэлийн арга, технологи, шинэ техник, машин механизм, техникийг бүтээх арга, түүний давуу тал болон тендертэй холбоотой нууцууд
- Санхүү, худалдааны нууц: байгууллагын нягтлан бодох бүтгэлийн баримт бичгүүд, харилцагчтай байгуулсан гэрээ, хэлцлийн нөхцөл, бараа бүтээгдэхүүний үнэ, цалин хөлс тогтоох арга, аргачлал
- Мэдээллийн нууц
Байгууллага өөрсдийн нууцын тухай журмыг тогтоон мөрдөж хамгаална. Мөн дараах байдлаар байгууллагын нууцаа хамгаалах зохицуулалт хийдэг. Үүнд:
• Нууцад тооцогдох мэдээллүүдийг зэрэглэх
• Мэдээлэл авч ашиглах ажилтнуудыг тогтоох
• Хөдөлмөрийн гэрээнд нууцын тухай заалт оруулах
• Нууцыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэсэн тоног төхөөрөмж, компьютер хэрэгслэлийг кодлох зэрэг олон аргуудыг хэрэглэдэг.
Байгууллага нь эрхэлж буй үйл ажиллагааныхаа дагуу олж мэдсэн хувь хүний нууцыг байгууллагын нууцын нэг адил хамгаална.
Байгууллагын нууцын тухай хуулинд байгууллага дор дурдсан мэдээллийг нууцалж болохгүй:
- тухайн байгууллагын явуулж буй үйл ажиллагаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, ашиглаж буй техник, технологийн хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх буюу үзүүлж байгаа нөлөөллийг илтгэн харуулах мэдээлэл;
- тухайн байгууллагын мэдэлд байгаа бөгөөд хадгалалт, хамгаалалтын горим нь зөрчигдсөн тохиолдолд хүн амын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул учруулж болзошгүй бүх төрлийн хорт, цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг тодорхойлсон мэдээлэл;
- гэмт хэргийн тухай болон нийтэд мэдээлэхээр хуульд заасан бусад мэдээлэл.
Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь хянан шалгах бүрэн эрх, чиг үүргийнхээ дагуу байгууллагын нууцтай танилцана.
Байгууллагын нууцтай албан үүргийнхээ дагуу танилцсан, эсхүл олж мэдсэн этгээд уул нууцыг зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журамд нийцүүлэн ашиглах бөгөөд бусдад задруулахыг хориглоно. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан бүрэн эрхийнхээ дагуу хэрэгжүүлж байгаа хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчиж нууцалсан байгууллагын нууцыг ил болгох эрхтэй бөгөөд тухайн шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалтай холбогдолтой байгууллагын нууцад хамаарах зарим тодорхой мэдээллийг бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулахгүй тохиолдолд нийтэд мэдээлж болно.
Байгууллагын нууцыг задруулсан тохиолдолд Байгууллагын нууцын тухай хуулинд зааснаар байгууллагын нууцыг хариуцдаг, эсхүл түүнтэй танилцсан этгээд уул нууцыг задруулсан бол хөдөлмөрийн гэрээ, тухайн байгууллагын дотоод журамд заасны дагуу хариуцлага хүлээх бөгөөд хуулиар тогтоосон байгууллагын нууцыг задруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч 20000-50000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэл ногдуулна, мөн Эрүүгийн хуульд шунахайн буюу хувийн бусад сэдэлтээр аж ахуйн нэгж, байгууллага, банкны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны нууцад хамаарах мэдээ баримтыг хууль бусаар олж авсан, ашигласан, задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэх ба энэ хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуун тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.