ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019.01.16-ны өдрийн хуралдаанаар  “Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Улсын Их Хурлаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталсан Төрийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ -ийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд одоогоор Төрийн албаны зөвлөл нь орон тооны 3, орон тооны бус 4, нийт 7 гишүүнтэй ажиллаж байна.

Харин Төрийн албаны тухай шинэ хуульд Төрийн албаны зөвлөл нь орон тооны 5 гишүүнтэй байхаар заасан бөгөөд тэдгээрээс 2 гишүүнийг нь төрийн албан хаагчдын төлөөллөөс сонгон шалгаруулж Улсын Их Хурал томилохоор тогтоож, сонгон шалгаруулах журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо батлахаар заасан.

Энэ үндсэн дээр тус Байнгын хороо 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам” батлах тухай Байнгын хорооны тогтоол баталсан.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд:

·         Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба;

·         Төрийн албаны зөвлөлийн ажлын алба;

·         Шүүхийн ерөнхий зөвлөл;

·         Жендэрийн үндэсний хороо;

·         Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага;

·         Үндэсний аудитын газар;

·         Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар заасан байна.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулахтай холбогдсон зарыг журамд заасны дагуу бүртгэл эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон Төрийн албаны зөвлөлийн цахим хуудаст байршуулан нийтэд мэдээлсэн байна.

Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжсэнээр Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоол батлагджээ.

“Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д “Төрийн албан хаагчийн төлөөлөл гэж Зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлагыг хангасан бөгөөд комиссын сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлэхээр шалгаруулсан төрийн албан хаагчийг хэлнэ” гэж заасан.

Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч нь:

·         дээд боловсролтой;

·         дөчин таван нас хүрсэн;

·         төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан;

·         төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн;

·         ял шийтгүүлж байгаагүй;

·         сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй;

·         сахилгын шийтгэлээр төрийн албанаас халагдаж байгаагүй байх гэсэн шалгуурыг хангасан байх ёстой.

Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах бөгөөд төрийн албан хаагчид өөрсдөө материалаа бүрдүүлж сонгон шалгаруулалтад оролцоно.

Эх сурвалж: /http://parliament.mn/n/4bmo