“ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2019 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ” УИХ-ЫН ТОГТООЛЫН ТУХАЙ
Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
2019 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэл нь бүхэлдээ санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж, эдийн засагт бий болж байгаа эерэг хандлага, үр нөлөөг бэхжүүлэх, цаашид эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах, санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох зэрэг бодлогын арга хэмжээг хамарч байгаагаараа онцлогтой.
Уг тогтоолд Монгол Улсаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авсан арга хэмжээнд олон улсын байгууллагаас хийсэн үнэлгээг дээшлүүлэх шат дараалсан арга хэмжээг төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, гадаад эдийн засгийн сөрөг нөлөөг бууруулах, улс орны эдийн засгийн дархлааг дээшлүүлэх, гадаад секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, гадаад өрийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг бүрдүүлэхэд валютын нөөцийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд заасан түвшинд дунд хугацаанд хүргэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, түүнчлэн Монгол Улсын гадаад валютын урсгалын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, улирал тутам тайлагнаж байх, зээлийн хүүг бууруулах стратегийн хэрэгжилтийг хангах, ипотекийн зээлийг эдийн засгийн төлөв, санхүүгийн чадавхтай уялдуулж урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх, алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг судалж, шийдвэрлэх зэрэг томоохон бодолгын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Эх сурвалж: www.parliament.mn