ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ДЭМЖЛЭЭ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэгжүүлэхтэй холбогдсон зарим дүрэм, журмыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2019.01.23-ны өдөр хийлээ.

Хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан төрийн албанд дагаж мөрдөх 45 дүрэм, журмыг шинээр буюу шинэчлэн баталж мөрдүүлэх шаардлагатай байгаа бөгөөд уг хуульд заасны дагуу 9 дүрэм, журмыг нь Улсын Их Хурлаас тогтоол гаргаж батлах юм. Үүнээс Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”,“Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”,“Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай”гэсэн дөрвөн тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы энэ сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаас дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн байсныг хэлэлцэж шийдвэрлэжээ.

Эх сурвалж http://www.parliament.mn