ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 31 ДҮГЭЭР ЗҮЙЛИЙН 31.4 ДЭХ ХЭСГИЙН ЗАРИМ ЗААЛТ МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ЭСЭХ ТУХАЙ МАРГААН ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭГДЛЭЭ
2019 оны 01 сарын 23 өдөр Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянан эцэслэн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлаас 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад: “төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан бол иргэний шийдвэр гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана” гэж заажээ.
Эдгээр нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэсэн агуулга бүхий мэдээллийг иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлснээр тус маргааныг Их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэсэн байна.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй.” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг зөрчсөн байна” гэж тогтоов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасныг зөрчсөн байна. Учир нь дээр дурдсан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан гүйцэтгэх баримт бичгийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр авагч хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр дахин хандах эрх зүйн боломжийг үгүйсгэж, төлбөр авагчийн эрхийг бүрэн хязгаарласан заалт болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үр дагаврыг бий болгож, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн зарчмыг зөрчсөн байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй” гэж заасан нь төлбөр авагчийн хөндөгдсөн эрх, ашиг сонирхлоо бодитоор сэргээлгэх хууль зүйн баталгааг үгүй болгосон гэж үзжээ.