ШАНХАЙ ХОТОД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР НЭЭЖ АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019.03.30-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээн ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн. Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Шанхай хотод Ерөнхий консулын газар нээх саналаа хятадын талд дипломат шугамаар тавьж, урьдчилсан байдлаар зөвшөөрсөн хариу авсан.
Монгол Улсын гадаад харилцаа улам өргөжин хөгжихийн хэрээр хөрш орнуудтай худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг харилцан ашигтай салбаруудын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, мөн эдгээр улсад ажиллаж амьдарч, суралцаж буй иргэдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиг үүргээ хэрэгцээт газарт нь үзүүлэх шаардлага тавигдаж байна.
Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг шинээр нээснээр тус хот болон Гуандун, Фужян, Жөжян, Анхуй, Жянсу мужид ажиллаж, амьдарч, суралцаж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, тэдэнд консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, манай улсад жуулчлах, хөрөнгө оруулах зорилгоор зорчих хятадын болон бусад улсын иргэдэд визийн үйлчилгээг ойртуулах зэрэг боломж нээгдэх юм.
Шанхай хот дахь Ерөнхий консулын газрыг 3 орон тоотой байхаар төлөвлөж, тус газрыг нээх, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөвт суулгаж, батлуулжээ.
Санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь Шанхай хотод Монгол Улсын Ерөнхий консулын газар нээж ажиллуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжжээ.