ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД 9 АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАН АЖИЛЛУУЛЖЭЭ
2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Эдийн засгийн байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлох, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай, Хэмжил зүйн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Харилцаа холбооны тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төслийн талаар санал, дүгнэлт гаргаж хэлэлцүүлэх, зарим салбарын сайд нарыг томилох, чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн байна.
Тайлант хугацаанд Байнгын хороо 13 удаа, ажлын хэсгүүд 30 гаруй удаа хуралджээ.
Ээлжит чуулганы хугацаанд нийт 5 тогтоолыг эцэслэн батлаж, Олон улсын 1 гэрээ, хэлэлцээрийн төслийг зөвшилцсөн аж. Түүнчлэн нэг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, найман хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн байна.
Монголбанктай хамтран “Макро эдийн засгийн бодлогын шинэ хандлагууд” сэдэвт хэлэлцүүлгийг Монголбанк болон эрдэмтэн, судлаачид, арилжааны банкны төлөөллүүдийг оролцуулан зохион байгуулсан байна.
Алт олборлолтын байдал, цаашид авах арга хэмжээний тухай УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын мэдээллийг сонсож, тулгамдсан асуудлуудаар үүрэг, чиглэл өгсөн юм.
Эх сурвалж: www.parliament.mn