УИХ-ЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

УИХ-ЫН 2018 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТОВЧ ТАЙЛАН

Хууль, тогтоолын төслийн хэлэлцүүлгийн талаар:

            Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлын хүрээнд дараах асуудлыг хэлэлцэж, санал, дүгнэлт, танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэн холбогдох Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлжээ. 

            Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 07, 12, 13 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Нотариатын тухай хуульд /шинэчилсэн найруулга/ өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12, 13, 15 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолуудыг тус тус хэлэлцэн батлуулжээ.

            Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 10, 14 дүгээр дүгнэлт, Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэл, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль болон холбогдох бусад хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал, Улсын Их Хурлын 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын санал, Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг Байнгын хороо тус тус хэлэлцжээ.

Эх сурвалж: www.parliament.mn