ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД ТУСГАСАН ӨӨРЧЛӨЛТҮҮД

Багц хуулийн төсөлд "Татварын ерөнхий хууль", "Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль", "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн шинэчилсэн найруулга, холбогдох 29 хуулийн нэмэлт өөрчлөлт багтаж буй юм. Эдгээр хуулийн төслийг боловсруулахдаа Сангийн яам өнгөрсөн оны хоёрдугаар сарын 23-наас хойш орон даяар 39 удаа хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд үүнд 4790 хүн  оролцсон байна. Хуулийн төсөлд шударга татвар төлөгчийг дэмжих, татвараас зайлсхийдэг иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцох, мэдээллийн технологид тулгуурлан татварын тайлан хүлээн авах ажлыг цахимжуулахтай холбоотой заалтыг тусгасан байна.

Татварын багц хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдээс:

Татварын ерөнхий хуулийн төсөлд

-Татварын өр төлөх хугацаа хоёр сар байгааг 24 сар болгон сунгана

-Илүү төлсөн татварыг нэн тэргүүнд буцаан олгоно

-Татварын албаны өр барагдуулах, хууль ёсны татвар хураах эрхийг нэмэгдүүлнэ

-Эрсдэлтэй өрийг түрүүлж хураана

-Эрсдэлгүй татвар төлөгчийг хянаж шалгахгүй

-Залилангийн шинжтэй үйлдэлд татварын хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй

Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс доош аж ахуйн нэгжүүд өөрийн хүсэлтээр жилд нэг удаа тайлан гаргаж, нийт орлогын нэг хувиар татвар төлөх боломж олгоно. Харин жилийн борлуулалт гурван тэрбум төгрөгөөс дээш бол жилд дөрвөн удаа, доош бол хоёр удаа тайлагнадаг болно.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн төсөлд

-Гадагшаа шилжүүлэх орлогоос суутгадаг 20 хувийг 15 хувь болгож бууруулна

-Гадаадын хөрөнгө оруулагчдын ногдол ашгийг орлогод 20 хувийн татвар суутгадаг байсныг 5 болгоно

-Банкны зээлээр эх үүсвэрээ бүрдүүлсэн тохиолдолд суутгадаг 10 хувийн татварыг 5 болгоно

-X тайлантай аж ахуйн нэгжүүд улиралд 60 мянган төгрөгийн тогтмол татвар төлнө

-Татвар ногдох орлогоос хасагдах хүүгийн зардлын шинэ дүрмийг нэвтрүүлнэ

-Давхар татварын гэрээтэй эсэхээс үл хамааран гадаад улсад төлсөн татварыг хасаж тооцно.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төсөлд

-Нэг шатлалтай, 10 хувийн татвар төлнө

-Оршин суугч этгээдийн татвар 20-иос 15 хувь болж буурна. Хүүгийн орлого нь 10 хувь болно

-Жилийн борлуулалт 50 сая төгрөгөөс бага бол орлогын 1 хувиар татвар төлж, жилд нэг удаа хялбаршуулсан тайлан гаргаж болно

-Орон сууцны татварын хөнгөлөлтийг 3 сая төгрөгөөс 6 сая төгрөг болгоно. Ипотекийн зээлийн хүү, хөнгөлөлттэй зээлийн хүүгийн төлбөрийн зөрүүтэй тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлнэ

-Илүү төлсөн татварыг буцаан олгодог болно

-Бусад үндсэн хөрөнгөний НӨАТ-ыг 5 жилд хасна

-Зөрчлийн хуулиас хариуцлагын заалтыг авч Татварын ерөнхий хуулиар зохицуулан хууль хоорондын давхардлыг арилгана

-Татварын улсын байцаагчийн буруугаас татвар төлөгч хохирсон бол төрийн албанд 10 жилийн хугацаанд эргэж ажиллахгүй байх хариуцлага хүлээлгэнэ.

Эх сурвалж: https://www.legalinfo.mn/details/1056