ДИПЛОМАТ АЛБАНЫ ТУХАЙ
Монгол Улсын төрийн дипломат алба болон түүний тогтолцоо, хилийн чанадад явуулах үйл ажиллагаа, дипломат албанд ажиллагчдын эрх зүйн байдал зэргийг 2000 оны 10 сарын 05-ны өдөр УИХ-аас баталсан “Дипломат албаны тухай хууль”-иар зохицуулж байна.
Дипломат алба нь төрийн тусгай алба бөгөөд Монгол Улсын төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагаа юм. Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын болон олон улсын хууль, тогтоомжийг удирдлага болгон нэгдмэл, залгамж чанарын зарчмыг баримтладаг.
Эл үйл ажиллагааг Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас удирдан хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын албаараа дамжуулан гүйцэтгэдэг.
Дипломат төлөөлөгчийн газрын бүрэлдэхүүнд дараах байгууллагууд хамаарна. Үүнд:
- Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам;
- Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газар;
- Консулын алба /Монгол Улсын Ерөнхий консулын газар Консулын газар; Консулын төлөөлөгчийн газар/ орно.
Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Дипломат төлөөлөгчийн газрын түвшин, байршлыг УИХ-аас тогтооно.
Дипломат төлөөлөгчийн газрыг хуулийн дагуу томилогдсон тэргүүн удирддаг. Тухайлбал: Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамыг - Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, Олон Улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчийн газрыг – Байнгын төлөөлөгч, Консулыг албыг – Ерөнхий консул тус тус тэргүүлнэ.
Дээрх байгууллагууд суугаа буюу хавсран суугаа орон, дэргэд суугаа Олон улсын байгууллагатай Монгол Улсыг төлөөлөн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ хилийн чанадад суугаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг олон улсын хууль тогтоомжийн дагуу дипломат аргаар хамгаалах чиг үүрэгтэй. Түүнчлэн консулын болон нотариатын үйлчилгээ үзүүлж, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтөлнө.
Мөн улсын төсвөөс санхүүжиж, Монгол Улсын төрийн далбаа, соёмбо, тамга тэмдэг, хэвлэмэл хуудас, төрийн сүлд бүхий хаяг хэрэглэн Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын Дипломат харилцааны тухай, Консулын харилцааны тухай Венийн конвенциудаар олгогдсон дархан эрх, эрх ямбыг эдлэх эрхтэй.
Дипломат албанд ажиллагчдыг дипломат ажилтан болон үйлчилгээ, төрийн ажилтан гэж ангилдаг. Монгол Улсын дипломат албан тушаалд томилогдож, дипломат ажилтны тангараг өргөсөн Монгол Улсын иргэнийг дипломат ажилтан гэх бөгөөд энэ нь төрийн тусгай албан тушаал юм. Энэ албан тушаалд томилогдох иргэн нь олон улсын эрх зүйн, эдийн засаг, улс төрийн харилцааны онолын зохих бэлтгэлтэй, дадлага туршлагатай, дээд боловсролтой, 2 буюу түүнээс дээш гадаад хэлийг шаардлагын түвшинд эзэмшсэн байх бөгөөд 1 нь түгээмэл гадаад хэл байна. Мөн ажлын зайлшгүй шаардлагаар онцгой мэргэшил, дадлага туршлыг харгалзан түгээмэл 1 гадаад хэл эзэмшсэн хүний томилж болдог. Харин дипломат албаны үйлчилгээ, төрийн ажилтан нь төрийн үйлчилгээний албан тушаалтанд хамаарна.
Дипломат ажилтан нь албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэн, уг албыг хаах хугацаандаа улс төрийн аливаа нам, хөдөлгөөний гишүүн байх, үйл ажиллагаанд нь ямар нэгэн хэлбэрээр оролцохоос түдгэлзэх үүрэг хүлээдэг. Эдгээр ажилтнуудын суугаа орны амьжиргааны түвшинг харгалзан төрөөс ажиллах нөхцөл, баталгаагаар хангаж, хууль тогтоомжид заасны дагуу цалин хөлс, томилолтын зардал олгож, тодорхой баталгаагаар хангадаг. Тухайлбал, дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдийн эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээгээр ажиллуулдаг. Хэрэв тухайн ажилтны эхнэр буюу нөхөр нь тодорхой ажил эрхлээгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийг төрийн албан хаагчийн үндсэн цалингийн дундаж хэмжээгээр бодож төр хариуцдаг байна.