БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ

БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖ

Банкны тухай хуулиар “банк байгуулах зөвшөөрөл олгох, түүнийг хүчингүй болгох, банкны удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, банк болон банкны нэгдлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тэдгээрт албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон харилцааг” зохицуулдаг.

Банк гэдэг нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ.

Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд /төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд/, төрийн бус байгууллага, тэдгээртэй холбогдох этгээдээс бусад хуулийн этгээд, иргэн банк үүсгэн байгуулж болох бөгөөд энэ нь Засгийн газар банк үүсгэн байгуулахад хамаарахгүй.

Банк, түүний салбар байгуулах, гадаад улсад банк, банкны салбар байгуулахад Монгол банкны зөвшөөрөл авна.

1/ Банк Монгол банкны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

  • Мөнгөн хадгаламж;
  • Зээл;
  • Төлбөр тооцооны үйлчилгээ;
  • Өөрийн нэрийн өмнөөс гуравдагч этгээдэд баталгаа, батлан даалт гаргах;
  • Гадаад валют худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах
  • Үнэт металл, эрдэнийн чулуу худалдах, худалдан авах, хадгалах, хадгалуулах;
  • Үнэт зүйл хадгалах;
  • Гадаад төлбөр тооцоо хийх;
  • Үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах;
  • Санхүүгийн түрээсийн үйл ажиллагаа;
  • Зээл болон санхүүгийн бусад хэрэгслийг худалдах, худалдан авах;
  • Хууль тогтоомжоор хориглоогүй бөгөөд Монгол банкнаас зөвшөөрсөн санхүүгийн бусад ажил, үйлчилгээ.

2/ Банк, түүний хараат болон охин компани Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэйгээр дараахь үйл ажиллагаа эрхэлнэ:

  • Санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх;
  • Итгэлцлийн үйлчилгээ;
  • Даатгалын зуучлагч;
  • Андеррайтерын үйлчилгээ;
  • Кастодиан;
  • Факторингийн үйлчилгээ;
  • Харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ.

Банк, түүний хараат болон охин компани дараахь үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно:

  • дангаараа буюу бусадтай хамтран санхүүгийн зах зээл дээр ноёрхох, өөр хоорондоо, эсхүл гуравдагч этгээдэд шударга бусаар давуу байдал бий болгоход чиглэсэн үйл ажиллагаа явуулах, ийм үйл ажиллагаанд оролцох;
  • банк, банкны нэгдлийн оролцогчийн өмнө зээл болон бусад хэлбэрээр хүлээсэн санхүүгийн үүрэг нь анх тохиролцсон гэрээнээс хугацаа хэтэрсэн тохиолдолд тухайн санхүүгийн үүрэг хүлээгч, түүнтэй холбогдох этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;
  • андеррайтерын үйлчилгээ үзүүлэхдээ үнэт цаас гаргагч болон түүнтэй холбогдох этгээдэд зээл, түүнтэй адилтгах санхүүгийн үйлчилгээ үзүүлэх, баталгаа, батлан даалт гаргах;
  • банкны нэгдлийн оролцогчийн андеррайтер хийж байгаа үнэт цаасыг худалдан авах;
  • андеррайтер хийж байгаа үнэт цаасаа банкны нэгдлийн оролцогчид шууд буюу шууд бус хэлбэрээр худалдах, түүнтэй холбогдсон аливаа үйл ажиллагаа явуулах;
  • банк болон банк бус санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлтэй хуулийн этгээдэд андеррайтерын үйлчилгээ үзүүлэх;
  • шаардлага хангаагүй хуулийн этгээд, иргэн тухайн банкинд хүлээсэн санхүүгийн өр төлбөрөө барагдуулахаас өөрөөр аливаа гүйлгээг Монголбанк зөвшөөрснөөс бусад тохиолдолд хийх;
  • өөрийн үйл ажиллагааны талаар буруу ташаа зар сурталчилгаа хийх, мэдээлэл өгөх;
  • улс төрийн аливаа нам, эвсэлд хандив өгөх

Банк үйл ажиллагаандаа дараах шаардлагыг хангаж ажиллана:

  • Заавал байлгах нөөц, төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хэмжээ, хэлбэрээр хангахын зэрэгцээ хадгаламж эзэмшигч, харилцагчийн мөнгөн хөрөнгийг бүрэн байлгаж, тэдгээрийн анхны шаардлагаар гаргаж өгөх, шилжүүлэх;
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээ, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу биелүүлэх;
  • Харилцагч хэд хэдэн банкаар үйлчлүүлэхэд хязгаарлалт тавихгүй байх;
  • Харилцагчийн зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас нь зарлагын гүйлгээ хийхгүй байх ба энэ заалт нь хууль тогтоомжид заасан хугацаанд татварын өрөө барагдуулаагүй татвар төлөгчийн харилцагч банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс татварын өрийг үл маргах журмаар гаргуулахад хамаарахгүй;
  • Тухайн банкнаас үзүүлэх үйлчилгээний урьдчилсан нөхцөл болгож өөрийн хараат болон охин компани, салбар, төлөөлөгчийн газар болон бусад үйлчилгээгээр үйлчлүүлэхийг харилцагчаас шаардахгүй байх.

Банк хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс төлбөрийн чадваргүй болж болзошгүй нь Монголбанкны хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөлд Монголбанкны шийдвэрээр тухайн банкны хэвийн үйл ажиллагааг хангах, санхүүгийн байдлыг нь сайжруулах зорилгоор удирдлага, зохион байгуулалт, санхүүгийн болон холбогдох бусад арга хэмжээг цогцолбороор нь авч хэрэгжүүлэхээр банкинд онцгой дэглэм тогтооно.

Монгол банк онцгой дэглэм тогтоосноор банкны хэвийн үйл ажиллагаа хангагдаагүй гэж үзсэн,банк төлбөрийн чадваргүй болсон/банк хадгаламж эзэмшигч, харилцагч, бусад үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх бүхий этгээдийн мөнгийг тэдний анхны шаардлагаар гарган өгч чадахгүй болсон;өөрийн хөрөнгийн аль нэг шаардлагыг 80-аас дээш хувиар хангаагүй/тохиолдолд банкинд эрх хүлээн авах арга хэмжээ авна.

Банкны эрх хүлээн авагч нь банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөөг хэрэгжүүлсэн болон нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг Монголбанк баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцно.

Банкны дампуурлыг шүүх зарлана.Шүүх банкны дампуурлыг зарлаж татан буулгах асуудлыг энэ хуулиар тогтоосон зарчмыг үндэслэн дампуурлын тухай хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Банк Монгол банкны хянан шалгагчын ногдуулсан хариуцлагыг /торгууль/ үндэслэлгүй үзвэл захиргааны болон шүүхийн журмаар гомдол гаргаж болно.