ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРААС ЗОХИОН БАЙГУУЛСАН “НЭГ ХОРОМ” АЯНЫ ТУХАЙ
Гэмт хэргийн 88 хувь нь уураа тэвчээгүйгээс үүдэлтэйг судалгаагаар тогтоожээ. Иймд ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага хамтран сарын хугацаанд “Нэг хором” аяныг өрнүүлснээр үр дүнд хүрчээ. Аяны хугацаанд буюу өнгөрсөн сард хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 768 бүртгэсэн нь өмнөх оны мөн үеэс 168 буюу 18 хувиар буурсан үзүүлэлт аж.
Аяны хүрээнд хэд хэдэн ажлыг зохион байгуулж, залууст эрх зүйн ойлголт, мэдлэг олгожээ. Тухайлбал, олны танил 120 орчим хүнийг аянд нэгдүүлж, бусдад уур бухимдлаа тэвчихийг уриалуулсан байна. Мөн нийслэл, орон нутгийн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, сурагчийг хамруулан хэлэлцүүлэг зохион байгуулжээ. “Хэрүүл, маргаан, үл ойлголцлыг нударгаар биш ухаан, уучлалаар шийдье” гэсэн мессежийг олон нийтэд илгээхээс гадна цахим сүлжээгээр хууль сурталчилж, нөлөөллийн дууг түгээсэн байна. Ингэснээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх зорилготой энэхүү аян үр дүнгээ өгөөд байна.
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг өш хонзон санаж, зориудаар үйлддэггүй, тухайн үеийн уураа нэгхэн хоромд барьж чадаагүйгээс болдог. Иймд багахан асуудлаас болж өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулахгүй байхыг сануулж, уур бухимдлаа “Уучлаарай” гэдэг үгээр солихыг уриалж байна.
Эх сурвалж: www.sonin.mn/