ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН БАРИЛАА
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй байна.
Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш тус хуульд нийт 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого (2003 онд), Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого (2016 онд), Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016 онд) тус тус шинэчлэгдэн батлагдсан.
Монгол Улсын хэмжээнд 2017 онд 20470 хос гэрлэлтээ бүртгүүлж, 3945 гэр бүл гэрлэлтээ цуцлуулжээ. Гэрлэлт цуцлалтыг гэр бүл байсан хугацаагаар нь авч үзэхэд гэрлэлтээ цуцлуулсан нийт хосын 58.6 хувь нь 10-аас дээш жил, 21.2 хувь нь 7-9 жил, 13.6 хувь нь 4-6 жил, 6.3 хувь нь 1-3 жил, 0.3 хувь нь нэг хүртэл жил хамт амьдарч байсан байна.
Тиймээс сүүлийн жилүүдэд хийгдсэн хууль эрх зүйн шинэчлэл, гэр бүл, нийгмийн амьдралд гарсан өөрчлөлт, хандлагад нийцүүлэн гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа дээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулсан байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд төрөөс гэр бүлийг дэмжих бодлогыг тодорхойлох, гэр бүлийн талаар явуулж буй бодлого, үйлчилгээг гэр бүлд шуурхай хүргэх үүргийг хэрэгжүүлэх бүтэц, механизмыг хуулиар баталгаажуулах, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлд зөвлөгөө өгөх, гэр бүл дэх хүүхдийн эрхийн баталгааг хангах, хүүхдийн өмчийг хамгаалах, гадаадын харьяат гэр бүлд хүүхэд үрчлэх асуудлыг шинээр, хүүхэд үрчлэлт, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг боловсронгуй болгож, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гадаадын харьяат иргэн оролцсон гэр бүлийн асуудлыг нарийвчлан зохицуулахаар тусгажээ.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж баталснаар дараах үр дүнд хүрнэ гэж үзсэн байна:
1. Гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжих эдийн засаг, эрх зүй, нийгэм, сэтгэл зүйн орчин бүрдэнэ.
2. Гэр бүл төрийн хамгаалалтад байх, гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэнэ;
3. Гэр бүлийн харилцааны олон талт, төвөгтэй асуудлыг хуулиар нарийвчлан зохицуулснаар гэр бүлийн гишүүдийн эрх үүрэг, хууль ёсны ашиг сонирхол тэнцвэртэй хангагдана;
4. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүл цуцлалт буурч, хүүхэд гэртээ таатай амьдарч, гэр бүлд жендэрийн тэгш байдал, хүүхдийн эрх, хамгаалал хангагдана гэжээ.
Эх сурвалж: www.dnn.mn