ӨМГӨӨЛӨГЧ МЭРГЭЖИЛ*
Өмгөөлөгч (латин.advocatus; англи.lawyer; advocate; орос.адвокат) нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагад хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлдэг хуульч мөн. Хуульд заасан журмын дагуу өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрх авсан хүнийг өмгөөлөгч гэнэ.Өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчдээ үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцааг өмгөөллийн үйл ажиллгаа гэдэг. Хууль зүйн мэргэжлийн туслалцаа нь зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох буюу өмгөөлөл гэсэн төрөлтэй. Манай улсад “өмгөөлөгч” гэсэн нэр томьёог 1924 оны Шүүх таслах ба прокурорын газруудын дагаж явах дүрэмд анх хэргэлсэн байдаг[1]. Түүнчлэн 1928 оны 4 дүгээр сард хэвлэгдсэн “Монгол Ард Улсын Цааз хууль, шүүх таслах газруудын байдлыг товчилсон дэвтэр” хэмээх бүтээлд төлөөнөө заалдагч (өмгөөлөгч)-ийн тухай авч үзсэн байдаг[2]. Үүнээс хойш төд удалгүй 1928 оны 5 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Шүүх таслах тухай олонд тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм”-д төлөөнөө заалдагч (өмгөөлөгч)-ийн талаар зохицуулсан[3]. Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийнхээ итгэл найдвар нь байдаг. Тийм ч учраас Өмгөөлөгчийн мэргэжил бол нэн хүндтэй дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хуульч мэргэжлийн нэгэн төрөл юм. “Өмгөөлөгч нь зөвхөн нэг орны төдийгүй, дэлхий дахинд түгээмэл ач холбогдолтой, өндөр нэр хүндтэй, хуульч мэргэжлийн нэгэн тулгуур багана нь болдог онцгой мэргэжил мөн”[4] ажээ. Энэ мэргэжил нь “Шүүгч шиг эртний, буянтан шиг өгөөмөр, хууль зүй шиг чухал”[5] бөгөөд нийгмийн ариун нандин үнэт зүйлийг хамгаалахын төлөө үргэлж бодол оюунаа чилээдэг.Мөн “Өмгөөлөгч бол хууль зүйн мэргэжил анх үүсэхэд буй болсон, эмчтэй ямагт жишин үздэг, хүмүүнлэг мэргэжлийн нэгэн төрөл мөн”[6].“Өмгөөлөгч нь шүүхэд төлөөлөх, шүүн таслах ажиллагаанд оролцох эрхтэй; чөлөөт, бие даасан мэргэжилтэн”[7] бөгөөд хууль, мэргэжлийн дүрэмд захирагдана. Түүнчлэн Өмгөөлөгчийн мэргэжлийн ажил буюу өмгөөлөл, хууль зүйн туслалцаа нь хүний эрх, мэргэжлийн ёс зүйд суурилсан, “шударга ёс ба хууль”-иас эх авсан байдаг.
Ардчилал, хүний эрх, үндсэн хуульт ёс гэх зэрэг нийгмийн үнэт зүйлсийг болон үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрх бүхий байгууллага болон шүүхэд төлөөлөн хамгаалж байдаг хүн бол өмгөөлөгч юм. Тийм ч учраас Францын хуульчАндре Мари Жан Жак Дюпен *Улс орон эр цэргүүдээрээ төдийгүй өмгөөлөгчдөөрөө хамгаалагдаж байдаг* гэж хэлжээ. Энэ утгаараа “Өмгөөлөгчийн ажил мэргэжил нь хууль зүйн мэргэжлийн асар их ур чадварыг шаарддаг, хүний төлөө чин санаа тавьдаг, үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашгийн төлөө өөрийгөө ч золиослодог ажил мэргэжил юм”[8].
Өмгөөлөгч хүнд “улс төрийн өндөр боловсролтой байх, ёс суртахууны эрхэм чанарыг дээдэлдэг байх, ажил хэргийн гүнзгий мэдлэг, мэргэжлийн өндөр ур чадварыг эзэмшсэн байх, хүний сэтгэл зүйн онцлогийг сайн мэддэг байх, асуудалд бодитой хандаж, зөв үнэлэлт дүгнэлт өгдөг байх, ажил амьдралын туршлага, практик ажлын дадлагатай байх”[9]зэрэг нийтлэг шаардлага тавигдана.Өмгөөлөгчийн мэргэжил нь “эрх зүйн өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, өдөр тутамд янз бүрийн асуудалтай тулгарч байдаг мэргэжил, ёс суртахууны болон сэтгэл зүйн их дарамттай байдаг”[10] ажээ.Тиймээс энэ бүгдийг өмгөөлөгч харгалзан үзэж ажил хэргээ зохион байгуулах шаардлагатай болдог.
Өмгөөлөгчийн мэргэжлийн ажил бол хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө өгөх, өмгөөлөл хийх юм. Уугуул чанараараа хүний сайн сайхны төлөө зориулагдсан байдаг тул зөвхөн дээр дурдсанаар хязгаарлагддаггүй заримдаа “Хүний итгэл хүндэтгэл хүлээж, хувийн амьдралд нөлөөлөх хууль зүйн болон ёс суртахууны үүрэг хүлээж ажилладаг, бүр хувийн амьдралд нь хутгалдан мэргэжлийн туслалцаа үзүүлдэг”[11] байна.
Өмгөөлөгчийн ажил хэрэг буюу өмгөөлөл бол үнэ цэнэ, утга учир бүхий эрхэм зүйл, үнэний төлөөх үйл явцбайдаг. Тиймээс өмгөөллийг хүний эрхийг хамгаалахад чиглэсэн бодол ухаан, сэтгэл хөдлөл, хүнлэг ёс, шударга ёс, хууль дээдлэх үзэл санааг агуулсан үйл явц гэж тодорхойлж болох юм. Хууль нь бүх нийтийн хүсэл эрмэлзлэлийн илрэл байх бөгөөд өмгөөлөгч үүнд захирагдаж өмгөөлөл хийнэ. Өмгөөлөл нь хүний эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх туйлын хүслэнгээс эхлэлтэй. “Өмгөөлөл нь хууль тогтоомжоор хүлээн зөвшөөрөгдөж бас түүгээр хязгаарлагдаж байдаг бөгөөд энэ нь өмгөөлөгчийн үг, үйл хөдлөлөөр илрэн гардаг”[12]. Магадгүй энэ нь хэн нэгэнд хялбархан бас энгийн, ер нь ядах зүйлгүй мэт сонсогдож байгаа байх. Тэгвэл өмгөөллийн үр дүн үйлчлүүлэгчийнх нь амь, амьдралаар цэгнэгдэх нь бий гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Өмгөөлөл бол тоглоом наадгай биш, урлаг уран сайхны арга хэмжээ биш, худалдаа биш[13], үйлдвэрлэл биш[14], дэлгэцээр шуугиан дэгдээх ч бас л биш юм. Харин үүрэг хариуцлага, үр дүн, цуцалтгүй хичээл зүтгэл бол мөнөөсөө мөн. Өмгөөлөл бол өмгөөлөгчөө процесстой нь багтаасан суурь ухагдахуун билээ. Өмгөөлөл нь цагийн аяс, улс төрийн уур амьсгалыг дагах учиргүй. Хэрэв ийм байдал руу өмгөөлөгч халтирвал хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлээгүй, хуульд заасан арга хэрэгслийг бүрэн ашиглаж чадаагүй, өмгөөлөгчийн байр суурин дээр бат зогсоогүй болж хувирах болно.
___________________________________________________________________
* З.Сүхбаатар. Өмгөөлөгчийн туслах. УБ.2015., 6-8 дугаар тал
[1]. Эмх.З.Сүхбаатар, П.Оюундэлгэр. Монгол Улсын өмгөөллийн хууль, дүрэм (1924-2013). УБ. 2014., 6 дахь тал.
[2]. Ц.Гүрсэд. Монгол Ард Улсын Цааз хууль, шүүх таслах газруудын байдлыг товчилсон дэвтэр. УБ. 1928., 24-25 дахь тал.
[3]. Эмх.З.Сүхбаатар, П.Оюундэлгэр. Монгол Улсын өмгөөллийн хууль, дүрэм (1924-2013). УБ. 2014., 8-11 дэх тал.
[4]. Т.Сэнгэдорж, С.Энхмэнд, С.Энхсаруул. Дэлхийн ба Монголын хуульчид эрх зүй ёс зүй. УБ.2014., 8-9 дэх тал.
[5].Произведения г-на, Рассуждения о независимости адвоката, 1, стр.3.
[6]. С.Нарангэрэл. Монголын ба дэлхийн эрх зүйн тогтолцоо. УБ.2001., 146 дахь тал.
[7]. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6.
[8]. С.Нарангэрэл, Н.Лүндэндорж. Эрх зүй судлалын удиртгал.УБ.2002., 65-66 дахь тал.
[9]. Т.Сэнгэдорж. Хуульч мэргэжил. УБ.2003., 56-57 дахь тал.
[10].Д.Тогтохжаргал. Төрийн хүн /намтар, дурсамж/. УБ.2011., 190 дэх тал.
[11]. Д.Тогтохжаргал. Төрийн хүн /намтар, дурсамж/. УБ.2011., 187 дахь тал.
[12]. З.Сүхбаатар. Хуульчдын холбооны үйл ажиллагаан дахь өмгөөлөгчийн оролцоо. Хуульч сэтгүүл. 2014 оны 12 дугаар сар. № 01 (01). 28 дахь тал.
[13]. ХБНГУ-ын Өмгөөлөгчийн тухай хуулийн 2 дугаар зүйл.
[14]. ОХУ-ын өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөллийн байгууллагын тухай хуулийн 1 дүгээр зүйл.