ОЮУНЫ ӨМЧИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
Оюуны өмчийг хамгаалах, урамшуулах бодлогыг хэрэгжүүлэхээр Патентын тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай, Инновацын тухай зэрэг хэд хэдэн хууль батлагдан, мөрдөгдөж байгаа ч патент, гэрчилгээ болон зохиогчийн эрх эзэмшигч нь оюуны өмчийн үр шимийг тэр бүр хүртэж чадахгүй, төрөөс оюуны өмчийг дэмжих ажиллагаа нь нэгдсэн зохицуулалтгүй, оюуны өмчийн байгууллагын эрх зүйн статус болон чиг үүргийг нэгдсэн байдлаар тодорхойлсон хууль байхгүй байна.
Зайлшгүй зохицуулах шаардлагатай нөхцөл байдал, хэрэгцээнд тулгуурлан Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Төсөлд:
-оюуны өмчийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрх, Оюуны өмчийн үндэсний зөвлөл, оюуны өмчийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, оюуны өмчийн байцаагч, шинжээчийн эрх, үүрэг;
-оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хамтын удирдлагын байгууллага, оюуны өмчийн эрхийн зуучлалын үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдүүдийн эрх, үүрэг;
-оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэлбэр, оюуны өмчийн эрхийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэгийн төрөл;
-оюуны өмчийн мэдээллийн сан, оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс, Оюуны өмчийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйл ажиллагаа зэрэг зохицуулалтуудыг тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар:
-Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болно;
-Оюуны өмчийн үнэлгээ хийх, зуучлах ажиллагаа илүү найдвартай болно;
-Оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ;
-Төрөөс үзүүлэх дэмжлэг илүү тодорхой болно гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Эх сурвалж: parliament.mn