ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНИЙ ХОХИРЛЫГ НӨХӨН ТӨЛБӨР
Үйлдвэрлэлийн, байгалийн болон бусад ямар нэгэн аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж гэмтэх, эрүүл мэндээр хохирохыг осол гэнэ.
Үйлдвэрлэлийн осол: ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртсөн, мөн түүнчлэн ажилдаа ирэх болон ажлаас буцах замд, албан томилолтоор ажиллах үед, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа, ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед гэх мэтчилэн эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдахыг ойлгоно.
Мэргэжлээс шалтгаалсан өвчин: хөдөлмөрлөх явцдаа үйлдвэрлэлийн хортой хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалан ажилтны бие махбодод үүссэн өвчнийг хэлнэ. Жишээ нь хордлого юм.
Монгол Улсын Хөдөлмөрийн хуульд зааснаар ажилтан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад дээрх шалтгаанаар эрүүл мэндээр хохирох, нас барсан тохиолдолд ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч нь нөхөн төлбөр олгодог.
- үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 хувь хүртэл алдсан ажилтанд 5 сар, 31-50 хувь алдсан ажилтанд 7 сар, 51-70 хувь хүртэл алдсан ажилтанд 9 сар, 71 хувиас дээш алдсан ажилтанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа
- үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа.
Тус хуулийн дагуу нөхөн төлбөр олгох нь хохирогч нийгмийн даатгалын болон бусад хууль тогтоомжийн дагуу тэтгэвэр, тэтгэмж авахад нөлөөлөхгүй бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд зааснаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод даатгуулагч өртсөн тохиолдолд доорх байдлаар тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог. Үүнд:
- Ажлын байрандаа болон бусад газарт ажил үүргээ гүйцэтгэх явцад
- Ажил эхлэхийн өмнө ажилд бэлтгэх буюу дууссаны дараа ажлын байр, багаж хэрэгслээ эмхэлж цэгцлэх үед
- Ажилдаа ирэх, буцах замд
Гэхдээ даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, түүнчлэн согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас осолд өртсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн биед гэмтэл учруулсан нь нотлогдсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодоггүй.
Даатгалын сангаас даатгуулагчид дор дурьдсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгодог. Үүнд:
- Тахир дутуугийн тэтгэвэр: хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нас барвал нас барсны дараагийн сар дуустал, даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрын чадвар алдалтын хувь хэмжээгээр тогтооно.
- Тэжээгчээ алдсаны тэтгэвэр: нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадваргүй хүний тоо 3 ба түүнээс дээш бол 100 хувь, 2 бол 75 хувь, 1 бол 50 хувь хэмжээгээр тогтоож, нас барсан өдрөөс эхлэн хүүхдэд 16 нас /сургуульд суралцаж байгаа бол 19 нас/ хүртэл олгоно.
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж: даатгуулагч хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 100 хувиар бодож, ажлын өдрөөр тооцон хөдөлмөрийн чадвар алдсан өдрөөс эхлэн сэргээгдэх, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр тогтоогдох эрх үүсэх хүртэл хугацаанд олгоно. Гэхдээ олгох хугацааны дээд хязгаар нь дараалсан 12 сарын дотор 180 хоногоос хэтрэхгүй байна.
- Хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр: хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй байдаг.
Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан баримт бичиг болон үйлдвэрлэлийн ослын акт буюу мэргэжлээс шалтгаалсан өвчний тодорхойлолтыг бүрдүүлнэ. Үүнд:
- тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр;
- тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт;
- Хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн байгууллагаас олгосон эмнэлгийн хуудсыг;
~oOo~