ГАДААДЫН СУРВАЛЖЛАГЧИЙГ БҮРТГЭХ, МОНГОЛ УЛСЫН ВИЗ, ОРШИН СУУХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ ШИНЭЭР БАТЛАГДЖЭЭ
Засгийн газрын 2019-02-13-ны өдрийн 64 дүгээр тогтоолын хавсралтаар Гадаадын сурвалжлагчийг бүртгэх, Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрөл олгох журмыг шинээр баталжээ. Урьд нь Засгийн газрын 2012-10-20-ны өдрийн 97 дугаар тогтоолоор “Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэнийг бүртгэх журам” батлагдаж байсан бөгөөд энэхүү тогтоолын холбогдох заалтаар дээр дурдсан байгууллагын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллах гадаадын иргэний бүртгэх журмыг зохицуулж иржээ.
Ийнхүү нарийвчлан зохицуулсан журам шинээр батлагдсанаар Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн буюу консулын газар, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, гадаад улс, олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчийг бүртгэхтэй холбоотой зарим заалтууд хүчингүй болсон байна.
Энэхүү журмаар Монгол улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн гадаад улсын болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын албан ёсны ажилтан, гэрээт ажилтан болон зураглаач, гэрэл зурагчин, дууны инженер, ерөнхий редакторын туслах зэрэг техник ажилтан, хэрэв дээр дурдсан ажилтнууд нь 90 хоногоос дээш хугацаагаар ирэх тохиолдолд түүний гэр бүлийн гишүүн нь энэ журмын дагуу зөвшөөрөл авна. Харин Монгол Улсад зохион байгуулах хурал, чуулга уулзалт, дээд, өндөр түвшний айлчлал зэрэг дотоодын болон олон улсын арга хэмжээг төрийн байгууллагын урилгаар сурвалжлах гадаадын сурвалжлагч нь энэ журмын дагуу зөвшөөрөл, үнэмлэх авах шаардлагагүй.
Гадаадын сурвалжлагч Монгол Улсад байнгын болон түр сурвалжлагчаар ажиллах хүсэлтээ гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжид холбогдох Дипломат төлөөлөгчийн газар, өөрийгөө төлөөлж байгаа байгууллагаар дамжуулан, эсхүл биечлэн гаргаж болох бөгөөд хүсэлтийг 5 хоногт багтаан шийдвэрлэж хариуг мэгдэнэ. Харин МУ-д ирсэн өдрөөсөө хойш 5 хоногийн дотор харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гадаад сурталчилгаа хариуцсан нэгжид өөрийн биеэр ирж, гадаадын сурвалжлагчийн үнэмлэхээ авна.
Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14094