УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР НОТАРИАТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулган 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нэгдсэн хуралдаан хийсэн байна.
Хуралдаанаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалт явуулсан байна. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 7.5 дахь хэсгийг “Монголын Нотариатчидын Танхим нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог тогтоох саналаа тухайн нутаг дэвсгэрийн хүн амын тоо, нийгмийн хэрэгцээ, шаардлага, нотариатч үйлчилгээний хөлс, орлогоор санхүүжин ажиллах боломж зэргийг харгалзан гаргана.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 15 дахь заалтад 25\3 “Нотариатын цахим мэдээллийн санд мэдээллийг хүлээн авах, хадгалах, ашиглах, түүний аюулгүй байдлыг хангах журмыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.” гэсэн хэсэг, төслийн 3 дугаар зүйлд 2 дахь заалт “2/6 дугаар зүйлийн 6.1.2. “ял шийтгүүлж байгаагүй;” гэсэн заалт нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 82.9 хувь нь тус тус дэмжсэн.
Харин төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.6 дахь хэсгийг “Танхимын дэргэд нотариатч хууль болон нотариатчийн мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Сахилгын зөвлөл ажиллана. Сахилгын зөвлөлийн гишүүдийг дөрвөн жилийн хугацаатай сонгох бөгөөд улируулан сонгохгүй.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэнгүй.
Мөн төслийн 3 дугаар зүйлийн 4 дэх заалтын 8.3 дахь хэсгийн “Танхимын ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болох бөгөөд” гэснийг “Танхимын ерөнхийлөгчийг улируулан сонгохгүй бөгөөд" гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 8 дахь заалтын 16.2.1 дэх заалтын “газрын дарга” гэсний дараа эсхүл тус газрын хуулийн мэргэжилтэн” гэж нэмэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь тус тус дэмжсэн.
Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байна.
Эх сурвалж: www.parliament.mn