ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

   Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн.

   Хууль зүйн байнгын хороо Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлгийн шатанд дэмжигдсэн зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарыг бэлтгэж, төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэж үзжээ.

   Улсын Их Хурлаас гаргасан улс төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газраас гаргасан батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогыг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр, Улсын Их Хурлаас төрийн өмчийн хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлага зэрэг асуудлаар төрийн бодлогын үндсийг тодорхойлсонтой холбоотойгоор, тэдгээрийг хэрэгжүүлж буй шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар хуулийн төслийн зохих заалтыг өөрчлөн найруулахаар тусгасан байна.

  Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.6 хувийн, уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн 54.8 хувийн саналаар бүхэлд нь баталж, Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн байна.

   Эх сурвалж: http://www.parliament.mn