ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ТУХАЙ
Геодези, зураг зүйн тухай хууль нь 3 бүлэг, 15 зүйлтэйгээр 1997 оны 10 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан.Энэхүү хуулийн зорилт нь геодези, зураг зүйн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хяналт тавих, тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулахад оршино. Геодези, зураг зүйн үйл ажиллагаанд дараах ажил хамаарна. Үүнд:
- Геодезийн сүлжээ байгуулах, одон орны тодорхойлолт, гравиметрийн хэмжилт хийх, төрөл бүрийн масштабын байр зүйн болон мөрөн, гол, нуурын ёроолын зураг үйлдэх, шинэчлэх, хэвлэх
- Агаар, сансраас газрын зураг авах, боловсруулалт хийх
- Төрөл бүрийн масштабтай тусгай зориулалт бүхий сэдэвчилсэн, сургалтын болон нийтийн хэрэгцээний газрын зураг зохиох, шинэчлэн хэвлэх
- Хот, тосгон, бусад суурины газар доорх болон дээрх инженерийн байгууламж, ерөнхий төлөвлөгөө, тохижилтын дэвсгэр зураг хийх, шинэчлэх
- Газар зүйн нэрийн жагсаалт (каталог) зохиож хөтлөх, толь бичиг, лавлах боловсруулж хэвлэх
- Дэлхийн хэлбэр, хэмжээ, газрын гадаргын хэвтээ, босоо хөдөлгөөнийг тодорхойлох, зайнаас тандан судлах зэрэг геодези, зураг зүйн эрдэм шинжилгээний судалгаа явуулах
- Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан бүрдүүлэх
- Улсын хилийн шугамын байршлыг геодезийн аргаар тодорхойлох, шалгах
- Газар, хот байгуулалт, инженерийн шугаман байгууламж, геологи, уул уурхайн болон бусад бүх төрлийн кадастрын зураг үйлдэх, инженер хайгуул, барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын үеийн геодезийн хэмжилт явуулах, өрөмдлөгийн цооног холбох
- Улсын аюулгүй байдлыг хангах болон байгалийн гамшиг, гэнэтийн аюул гаргах зэрэг нөхцөлд геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх
Улсын захиалга, даалгавраар хийх геодези, зураг зүйн ажлыг улсын төсвөөс, байгууллага, аж ахуйн нэгж, иргэний захиалгаар хийгдэх геодези, зураг зүйн ажлыг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
Геодези, зураг зүйн мэдээллийн улсын нэгдсэн сан нь геодезийн сүлжээний, байр зүйн зургийн, агаар, сансрын зургийн, газар зүйн нэрийн болон кадастрын тухай мэдээлэл, тэдгээртэй холбогдох бусад тоон мэдээллээс бүрдэнэ. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь улсын болон орон нутгийн төсөв, төрийн байгууллага хэрэгжүүлж буй төслийн хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлынхаа тайлан, эх материал, солбицлын жагсаалт (каталог), бүдүүвч зураг, бичлэг, бусад тоон мэдээллийг нэгдсэн санд үнэ төлбөргүй шилжүүлнэ. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь геодезийн байнгын цэг, тэмдэгт байрлаж байгаа газарт барилга байгууламж барих, газар шорооны ажил хийхдээ сум, дүүргийн Засаг дарга буюу хил хамгаалах ерөнхий газраар уламжлан геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авна. Уг цэг, тэмдэгтийг хөдөлгөх, нүүлгэн шилжүүлэх зайлшгүй шаардлага гарвал түүнийг сэргээн босгох зардлыг хүсэлт гаргасан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг газар зүйн албан ёсны нэрийн тухай мэдээллээр хангах, газар зүйн нэрийг зөв бичих, хэрэглэх, хамгаалах асуудлыг сум, дүүргийн Засаг дарга, геодези, зураг зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага эрхлэн хамтран зохицуулна.
Байгууллага, аж ахуйн нэгж, иргэн геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдсон геодезийн байнгын цэг, тэмдэгтийг устгах, гэмтээх, хэмжилт хийх нөхцөлийг алдагдуулах, албан ёсны баримт бичиг, арга хэмжээнд газар зүйн албан ёсны нэрийг өөрчлөн хэрэглэх, монгол хэлнээс бусад хэлээр орчуулах, бусад хэлний дуудлагаар галиглах, зохих хууль тогтоомжид заасан журмыг зөрчин байгууллага, аж ахуйн нэгж, иргэний хийсэн зураг зүйн бүтээлийг хуулбарлах, олшруулах, хэвлэх үйл ажиллагаа явуулахыг хориглодог.
Геодезийн хэмжилт хийх, цэг, тэмдэгтийг байгуулах явцад газар, барилга байгууламж, бусад объектод учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагаа явуулсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө. Гүйцэтгэсэн ажлын нарийвчлал, стандартын шаардлага хангагдаагүйгээс учирсан шууд хохирлын нөхөн төлбөрийг гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн хариуцна.
Шүүгч эсвэл геодези, зураг зүйн улсын байцаагч геодези, зураг зүйн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд зөрчлийн шинж байдлыг харгалзан захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
~oOo~