ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ПАРЛАМЕНТЫН ХОЛБООНЫ АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХОЁРДУГААР ЧУУЛГАН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

   Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган хоёр өдөр чуулж, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төгсгөлийн баримт бичиг болох Тунхаглал баталснаар өндөрлөлөө.

   Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаар Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганаар хийгдсэн хэлэлцүүлгүүдийн үр дүнд Ази-Номхон далайн бүсэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх тодорхой стратеги, зөвлөмжийг Тунхаглал бичигт тусгажээ.

 Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилгыг парламентын ажил, үүрэгтэй цогц байдлаар холбогдсон эсэхийг баталгаажуулахын тулд Парламентын холбоо НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс боловсруулсан өөрийн үнэлгээний аргыг ашиглах нь зохимжтой хэмээн тусгажээ.

   Мөн чанартай боловсролыг дэмжих, тэгш, хүртээмжтэй байх боломжийг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламжийг бүх нийтэд хүртээмжтэй болгох хөдөлгөөнд парламентын гишүүд, иргэд, олон нийт, иргэний нийгэм болон бусад холбогдох төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг үйл ажиллагаанд татан оролцохыг уриалах талаар зөвлөмж болгосон байна. 

   Гамшгийн эрсдэлийг бууруулах, байгаль орчныг хамгаалах нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон боловсролын үндэсний хөтөлбөрүүд дэх парламентын оролцооны зайлшгүй нэг хэсэг байх ёстой учир уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшгийн үр дагаврыг сааруулах арга хэмжээний зардлыг төсөвлөхийг зөвлөмж хэсэгт тусгажээ.

   Эцэст нь Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх үйл ажиллагааг эрчимжүүлэхийн тулд энэхүү Тунхаглал баримт бичгийг парламентын гишүүд, бусад оролцоотой талуудын анхааралд бүх боломжит сувгаар хүргэх талаар тусгасан байна.

    Эх сурвалж: http://parliament.mn/n/6kyo