“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС УРТ ХУГАЦААТАЙ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ”-ЫГ БАТАЛЛАА
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны 4-р сарын 19-ний өдрийн тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан. Төсөл сонгон шалгаруулалтад жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээ /тодорхойлолт/-тэй иргэн, аж ахуйн нэгж хамрагдана.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Төсөл нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдан зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралтаас бүрдэнэ. Төсөл хэрэгжүүлэгчийн мэдээлэлд:
-Төслийн товч агуулга;
-Иргэн, хуулийн этгээдийн нэр᠋;
-Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг, байршил, албан ёсны хаяг, төсөл хэрэгжих байршил;
-Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ;
-Үйлдвэрлэл, үйлчилгээ болон худалдах бүтээгдэхүүний нэр, төрөл;
-Одоогийн эрхэлж байгаа бизнесийн талаарх мэдээлэл.
Зээл олгох хэлбэр, хэмжээ: Зээлийг Арилжааны банкаар дамжуулах болон шууд сангаас олгоно. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар нэг төслийн санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 төгрөг хүртэл, дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 төгрөг, дээд хэмжээ 200,000,000 төгрөг хүртэл байна. Харин сангаас олгох тохиолдолд төсөл сонгон шалгаруулах хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 төгрөг, дээд хэмжээ 300,000,000 төгрөг хүртэл байна.
Эх сурвалж: Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл 2019, №14