ТАРИМАЛ УРГАМЛЫН ҮР, СОРТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун 2019.06.04-ний өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Итали дахь төв оффисын үрийн ахлах мэргэжилтэн Хюго Уилсон, олон улсын хуулийн зөвлөх Раушан Зазюкбаява нарыг хүлээн авч уулзав.
Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах асуудлыг тусгасан байдаг. Энэ хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Олон улсын таримал ургамлын үрийн шинэ сортыг хамгаалах байгууллагын мэргэжилтнүүд дээрх хуулийн төсөлд техникийн зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм байна.
Хуулийн төсөл нь үрийн салбарын хөгжил, ургамлын сорт хамгааллын оюуны өмчийн асуудлыг тусгасан үндсэн хоёр хэсгээс бүрдэж байгаа аж.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс