СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ БАТЛАГДЛАА
УИХ-ын 2019 оны хаврын чуулганаар “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хууль батлагдлаа. Уг хуулийн төслийг 2018 оны 10 дугаар сард Улсын их хурлын даргад өргөн барьсан юм. Улсын Их Хурлаас 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Сэргээгдэх эрчим хүчний тухай” хуулийг баталснаас хойш өнөөг хүртэл хугацаанд нийт 212 МВт-ын нар, салхины цахилгаан станцуудыг ашиглалтад оруулж, нэгдсэн сүлжээнд холбосон байна.
Шинэчлэгдэн батлагдсан Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд дамжуулах сүлжээнд холбогдсон нарны эрчим хүчний үүсгүүрээр үйлдвэрлэж нийлүүлэх 1 кВт.ц цахилгаан эрчим хүчний худалдаж авах тарифын дээд хязгаарыг 12 ам.цент хүртэл, салхины эрчим хүчээр үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчийг худалдаж авах тарифын дээд хязгаарыг 8 ам.цент хүртэл байх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд техникийн асуудлыг анхаарч үзэх, үнээр өрсөлдүүлэх буюу тендер зарлах зохицуулалтыг оруулсан байна.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэгч компани санхүүгийн чадавхтай байх ёстой зэрэг заалтуудыг тусгасан. Мөн айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрийг хэрэглэх байдал сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаатай холбогдуулан үнэ, тариф, урамшууллын тогтолцоог бий болгох шаардлагатай гэж төсөл санаачлагчид үзжээ.
Эх сурвалж: http://energy.gov.mn/content?t=1