ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИЙН ТАТВАРЫГ НЭГ ХУВЬ БОЛГОВ
УИХ-ын чуулганы 2019-06-06-ны өдрийн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлав.
Уг хуулийн төсөлд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний байгууллагыг тодорхойлох, ангилах, төрөөс дэмжих асуудлыг нарийн тусгажээ. Тухайлбал, “бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч” ангилалд ес хүртэл ажилтантай, жилд 300 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг, “жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 10-50 ажилтантай, жилд 300-500 сая төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжийг хамруулж үзнэ хэмээн тодотгосон байна. Мөн “дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч”-д 51-200 ажилтантай, 501 саяас 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын жилийн орлоготой аж ахуйн нэгжийг хамруулах аж.
Түүнчлэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилалд хамаарах аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг салбар харгалзахгүйгээр нэг хувь болгох, жил бүрийн улсын төсвийн 10 хувийг жижиг, дунд бизнес эрхлэхэд зориулах талаар тусгайлсан зохицуулалт бий болгох асуудлыг хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дотоодын худалдан авалтын 10-аас доошгүй хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр хангах, тэдэнд давуу эрх олгох зохицуулалт тусгасан байна.
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/191881