ХОТЫН ТӨВ РҮҮ ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ, ТОРГУУЛЬТАЙ, ТЕХНИКИЙН УЛСЫН ҮЗЛЭГТ ТЭНЦЭЭГҮЙ МАШИНЫГ НЭВТРҮҮЛЭХГҮЙ
Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд нийслэлийн замыг гурван бүсчлэлд хуваах талаар Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас мэдээлэл хийжээ. Тодруулбал, хотын замыг гурван бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой бөгөөд энэ сард бэлтгэл ажлыг хийгээд, ирэх наймдугаар сараас эхлэн бүсчлэлээр авто машинуудыг хөдөлгөөнд оролцуулах юм байна.
А бүс нь бага талбайг хамрана. Үүнд, Багшийн дээдээс Цэцэг төвийн уулзвар, Шангри Ла-гаас Бага тойруугийн хэсэг орно. В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх хэсэг юм. Харин С бүс нь дээр дурдсанаас гадуур хотын зах хэсэг юм. Мөн орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгох зохицуулалтыг хийж байгаа. Уг зохицуулалт ирэх сараас хэрэгжиж эхэлнэ. Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй зогсоол 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15696 авто машины төлбөртэй зогсоолыг зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.
А бүс рүү хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явах саналыг ярьж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин В бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Олон улсад түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой арга нь иргэдийг нийтийн тээврээр үйлчлүүлдэг болгох байдаг. Тиймээс нийтийн тээврийн чанар үйлчилгээг сайжруулах, зарим авто замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох, дугуйн зам, явган хүн зам бий болгох зэрэг ажил хийгдэнэ. Бүсчлэл дотор Zone буюу бүс гэсэн тэмдэг байрлах бөгөөд стандартад орсон тул Бүсийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэсэн байна. Мөн А, В бүс рүү татвараа төлсөн, торгуульгүй, техникийн улсын үзлэгт тэнцсэн машиныг нэвтрүүлэх юм байна. Мөн зогсоолын төлбөр нь 500, 1000 төгрөгөөс хэтрэхгүй байхаар төлөвлөжээ.
Эх сурвалж: http://itoim.mn/article/ue77M/17730