ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ОРУУЛАХ ГЭЖ БУЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЭСЭРГҮҮЦЭВ
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэгчдийн тулгуур эрх ашгийг зөрчиж, оролцоог нь багасгасан заалт тусгасныг эсэргүүцэж Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүллээ.
Тэрбээр, “УИХ-аас гаргасан 170 зарчмын зөрүүтэй саналд маш ноцтой асуудал тусгасан байна. Тухайлбал, ҮЭ-ийн байгууллага нь нийт ажилчдын 40-өөс доошгүй хувийг хамарч байгаа нөхцөлд хамтын гэрээний тал болно гэсэн заалт оруулсан. Энэ нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 87, 98 дугаар конвенцыг зөрчиж байна. Тухайн байгууллагад ажиллаж байгаа нийт ажилчдын эрх ашгийг хамгаалахын тулд хамтын гэрээ байгуулах ёстой. Гэтэл дээрх зохицуулалт нь ажилтны хэлэлцээр хийх, эвлэлдэн нэгдэх байгууллага байгуулах тухай хуулийг ноцтой зөрчиж байна. Мөн 1999 оны Хөдөлмөрийн хуулийн ээлжийн амралт, бүх нийтийн баяр, амралтын өдрийн сул зогсолтын асуудлыг дордуулах санал гаргасан байна. Сул зогсолтын асуудлаар жишээлэхэд, 1999 оны хуулиар, ажил олгогчийн буруугаас сул зогссон бол 60 хувиас доошгүй цалинг олгоно гэж заасан байдаг. Харин УИХ-аас гаргасан саналд, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувиас доошгүй хэмжээний цалинг олгоно хэмээн зохицуулж байгаа нь хуучин хуулийн нөхцөлийг дордуулж, ажилтны эрх ашгийг ноцтой зөрчихөөр байна” гэжээ.
Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/196604