ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭС АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН 47 ДУГААР ЗҮЙЛИЙН ЗАРИМ ХЭСЭГ, ЗААЛТ ҮНДСЭН ХУУЛИЙН ХОЛБОГДОХ ЗААЛТЫГ ЗӨРЧСӨН ГЭЖ ДҮГНЭЛЭЭ

   Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар Дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн билээ.

   Монгол улсын Үндсэн хуулийн цэцэд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.3.1, 47.3.2,  47.4, 47.5, 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтууд нь  Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагт дарамт учруулсан, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хаасан, нийгмийн эдийн засгийн хөгжилд саад учруулсан зэрэг сөрөг үр дагавруудыг үүсгэсэн бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдийн тус тус зөрчсөн хэмээн мэдээлэл гаргасан байна.

   Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-р зүйлийг өөрчлөн найруулахдаа өмнө зөвхөн ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлдөг байсныг ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд бүр төлдөг байхаар хуульчилжээ. Тодруулбал, ашигт малтмал ашигласны төлбөр гэх нэг төрлийн төлбөрийг тухайн ашигт малтмалыг олборлож, худалдаж байгаа этгээдээс гадна түүнийг худалдан аваад ашигт агуулгыг нэмэгдүүлж, баяжуулан нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгчээс хүртэл давхардуулан авах боломж бий болгосон байна.

   Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэсэн заалтад нийцээгүй гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн дүгнэн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус заалтуудыг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн байна.

   Гэвч Монгол улсын их хурлын 2019 оны 07 сарын 16 өдрийн 70 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.

   Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14495?lawid=14495