ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА

   Монгол Улсын Засгийн газраас санаачилж 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурал 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан байна.

   2001 онд батлагдсан Харилцаа холбооны тухай хуулиар харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах харилцааг зохицуулж байсан бөгөөд уг хууль нь төрийн оролцоог багасгах зорилгоор хөндлөнгийн зохицуулалтын механизмыг бүрдүүлж, зах зээлийг либералчилж өрсөлдөөнийг бий болгосон бол энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр мэдээллийн технологийн талаарх зохицуулалтыг нэмж, дараах зохицуулалтыг нарийвчлан тусгаж өгчээ.

   1. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын хурдацтай хөгжил, зах зээл, өрсөлдөөний орчны өөрчлөлт, шинэчлэлтийн чиг хандлагад нийцүүлэн салбарын бодлого, зохицуулалтыг оновчтой болгож, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодорхой болгосон. 

   2. Монгол Улсад харилцаа холбоо, мэдээллийн технологийг нэгдмэл бодлого, төлөвлөлт, зохион байгуулалттай хөгжүүлэх, салбар бүрд мэдээлэл, харилцаа холбооны технологи харилцан уялдаагүй, нэгдсэн стандартгүй, хөрөнгө оруулалтын давхардлыг үүсгэн нэвтэрч байгааг өөрчилж, харилцаа холбооны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага салбар хоорондын уялдааг хангах хуулийн зохицуулалтыг бий болгосон байна.

   3. Мэдээлэл, харилцаа холбооны салбарын өрсөлдөх чадвар, үр ашиг, аюулгүй байдал, чадавхыг дээшлүүлэх зорилгоор захиргааны харилцаа холбоо, мэдээллийн технологийн аудитын тогтолцоог бий болгов.

   4. Нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг хориглох зорилгоор хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэхийг оператор компаниудад үүрэгжүүлж, зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжүүд өөрийн дэд бүтцийг ашиглан хамаарал бүхий компанидаа хөнгөлөлттэй нөхцөл олгож, өрсөлдөөний тэгш бус байдал үүсгэж байгааг хязгаарлах зорилгоор өрсөлдөөнийг дэмжих, үйлчлэгчдэд ижил нөхцөл олгохтой холбогдсон зохицуулалтыг хуульчилжээ.

   Уг хууль батлагдсанаар харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төрийн бодлого, зорилтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар ханган хэрэгжүүлэх боломж бүрдэж, салбар хоорондын харилцаа холбоо, мэдээллийн технологийн бодлого, төлөвлөлтийн нэгдмэл байдлыг хангаж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн давуу талыг ашигласны үр дүн нэмэгдэн, давхар хөрөнгө оруулалт эрс буурч, үйлчилгээний чанар сайжирна гэж үзсэн  байна.

   Эх сурвалж: www.parliament.mn