ЭРҮҮГИЙН ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ГАДААД УЛСАД ЭДЛҮҮЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦОД НЭГДЭНЭ

Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 11-ний хуралдаанаар, Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн Улсууд хоорондын конвенцод нэгдсэнээр тус байгууллагын гишүүн болон гишүүн бус АНУ, Канад, Бразил, Мексик зэрэг нийт 21 улстай конвенцод тусгагдсан харилцааг үүсгэх боломж бүрдэнэ. Тус конвенц нь 19 зүйлтэй бөгөөд ялтан шилжүүлэх нөхцөл, ялтны мэдээлэл, ялтан шилжүүлэх хүсэлт гаргах, хүсэлтэд тавигдах шаардлага, ялтан шилжүүлэхээс татгалзах үндэслэл, ялтныг шилжүүлэхдээ гуравдагч улсаар дамжин өнгөрүүлэх нөхцөл, ялыг үргэлжлүүлэн эдлүүлэх зэрэг үндсэн асуудлыг тусгажээ.

Монгол Улс дэлхийн 11 улстай ялтан шилжүүлэх тухай хоёр талт гэрээ байгуулж, Ялтан шилжүүлэх тухай Берлиний болон Европын зөвлөлийн конвенцуудад тус тус нэгдэн орсон. Энэ хүрээнд дээрх зарим улсад ял эдэлж байгаа өөрийн орны иргэдээ шилжүүлэн авсан бөгөөд одоо ч ОХУ, Япон улсаас тус бүр нэг иргэнээ шилжүүлж авахаар ажиллаж байгаа юм.

 

            Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/200405