ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн. Тус байнгын хорооны нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай зарчмын зөрүүтэй саналын томьёолол дэмжигдсэн тул Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасны дагуу хуулийн төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцогдсон байна.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулахыг санал нэгтэй дэмжсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган, хууль зүйн техникийн талаас нь хянаж, үг хэллэг, найруулгын шинжтэй засвар, өөрчлөлтийг хийсэн. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн өөрчлөлт оруулж байгаа 2 дугаар зүйлийг нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр хассан тул хуулийн төслийн нэрийг “Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” болгон өөрчилсөн.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/zxjo