ДАЛАЙ АШИГЛАХ, ДАЛАЙН ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХОЁР ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРИЛАА
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барилаа.
1. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
УИХ-аас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд баталж, 2007 онд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитаар Монгол Улс далайн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцод заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомжид тусгах, бүртгэлтэй хөлөг онгоцны буюу далбааны эзэн улсын хяналтын механизмыг бүрдүүлэх зэрэг зөвлөмж өгсөн бөгөөд эдгээр зөвлөмжид үндэслэн хуулийн төслийг боловсруулжээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулахаас гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын зөвлөмжийн дагуу шинээр 53 зүйл, 200 орчим хэсэг, 60 гаруй заалт нэмжээ.
2. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцод 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 370 гаруй хөлөг онгоц бүртгэлтэй байгаа бөгөөд хөлөг онгоцнуудад ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын байранд тавигдах шаардлагад далбааны эзэн улсын зүгээс бүрэн хяналт тавих эрх зүйн боломжгүй байгаагаас шалтгаалан хөлөг онгоц эзэмшигчид далайчдын хөдөлмөрийн гэрээний дагуу эдлэх эрхийг зөрчих, цалинг гэрээнд заасан хугацаанд олгохгүй байх, далайчдыг орхин явах тохиолдол гарсан ба цаашид ч зөрчил дутагдал гарахыг үгүйсгэхгүй юм.
Энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах үндэслэл үүсэж байгаа юм байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/z9jo