БАРЬЦААЛБАР (ЗӨВЛӨМЖ)
2009 онд батлагдсан “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай” хуулиар барьцаалбар үйлдэх болон барьцаалбартай холбоотой эрх зүйн харилцааг зохицуулсан. Тус хуульд зааснаар “Барьцаалбар гэдэг нь: барьцаагаар хангагдсан мөнгөн төлбөрийн үүргийн биелэлтийг хүлээн авах, шаардах болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг гэрчилсэн үнэт цаасыг” хэлнэ гэж заажээ.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, зээл төлбөр тооцооны тухай хуулийн 29.5-д зааснаар “иргэн хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд хуульд заасан журмаар барьцаалбарыг үйлдэнэ.
Барьцаалбар үйлдэх эрх бүхий этгээд нь барьцаалагч банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалуулагч иргэн, хуулийн этгээд байна. Харин иргэн хувийн өмчийн газар эсхүл түүнтэй холбоотой эрхийг барьцаалсан буюу түрээсэлсэн бол барьцаалбар үйлдэх, бүртгүүлэхийг хориглоно.
Үүргийн гүйцэтгэлийг барьцаалбараар гэрчилсэн тохиолдолд барьцааны зүйлийг хуульд заасны дагуу шүүхээс гадуур худалдаж болно.
2010 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн № 290 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар “Барьцаалбар”-ын загвар, ”Барьцааны зүйлийг худалдах тухай мэдэгдэл”-ийн загвар, “Барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаас”-ны загваруудыг баталсан. Барьцаалагч дээрх загварын дагуу барьцаалбарыг үйлдэж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн барьцаалбарыг баталгаажуулах үнэт цаасыг наалгаж гэрчлүүлсэнээр барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдах юм.
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 44.2-д зааснаар: Барьцааны зүйлийг шүүхээс гадуур худалдахдаа шууд худалдана эсхүл шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдана.
Барьцаалуулагч нь зохих ёсоор үүргээ биелүүлэгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаааны зүйлээс хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд барьцааны зүйлийг худалдах тухай “Мэдэгдэл” хүргүүлнэ.
Мэдэгдэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар баталсан маягтаар хүргүүлэх бөгөөд дараахь тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай мэдэгдэлийг хүргүүлсэн гэж үзнэ:
- Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид өөрт нь гардуулсан
- Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид өөрт нь гардуулах боломжгүй байсан бол гэрээнд заасан, эсхүл иргэний үнэмлэхэд заагдсан хаягаар нь баталгаат шуудангаар хүргүүлсэн
- Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагчид мэдэгдэлийг гардуулж чадаагүй тохиолдолд үндэсний хэмжээний өдөр тутмын сонинд нийтлүүлсэн
- Сонинд нийтлүүлэх шаардлага нь сонины нүүрийг найм хуваасны нэгээс багагүй хэмжээтэй байна.
Дээрх тохиолдолоор барьцаалуулагчид хүргүүлээгүй тохиолдолд мэдэгдэлийг хүргүүлсэнд тооцохгүй юм.
~oOo~