МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БАТЛАГДЛАА

   Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн 11-р сарын 14-ний өдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүнээс 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулав.

  Монгол Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

   Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан саналын томьёоллуудаар санал хураалгаж дууссаны дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг өгүүлбэр, цэг, таслал нэг бүрээр нь  уншиж сонсгов.

   Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг  бүхэлд нь батлах санал хураалтыг илээр гар өргөж явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 63 гишүүн санал нэгтэй дэмжиж, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цагт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл эцэслэн батлагдлаа.

   Эх сурвалж: http://www.mnb.mn/i/191510