УЛСЫН БҮРТГЭЛИЙН НЭГДСЭН ТОГТОЛЦООНД ШИЛЖСЭНИЙ 10 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД “НЭГ ИРГЭН-НЭГ БҮРТГЭЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны 79 жилийн ойн хүрээнд зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр УБЕГ үйл ажиллагаагаа цахим болгох бодлогын хүрээнд бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 онд “BURTGEL.MN” системийг бий болгож, үүний үр дүнд иргэд 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байгаа, 2019 оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болсон бөгөөд 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар захиалан авсан, Монгол Улсад байгаа 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг нээлттэйгээр байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан зэрэг ажлын үр дүнг танилцуулсан. Цаашид, Монгол Улсын нэг иргэнд Улсын бүртгэлийн, иргэний үнэмлэхийн, жолооны үнэмлэхийн, татвар төлөгчийн, нийгмийн даатгалын дэвтрийн гээд 10 орчим дугаар байдаг ч иргэд үүнийг тэр болгон мэддэггүй учир энэ асуудлыг цэгцэлж, хэрхэн нэг бүртгэл болгох вэ гэдгийг судалж үзсэний үндсэн дээр Улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг хэрэглээнд оруулах гэж байгаа тухайгаа дурдсан ба “Бүртгэлийн нэг дугаар буюу 12 оронтой дугаарт тухайн иргэний бүх мэдээллийг нэгтгэн байршуулснаар жинхэнэ утгаараа “Нэг иргэн-Нэг бүртгэл” болно” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж хэллээ.
Эх сурвалж: http://www.parliament.mn