МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН САНХҮҮГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын гурав дахь удаагийн 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны анхны хэлэлцээрийг Вена хотноо 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гарын үсэг зурж байгуулаад байгаа аж. Энэхүү 40 сая еврогийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү (жилийн) 0 хувь, зээлийн хугацаа 26.5 жил хүртэл, зээлийн үндсэн төлбөрөөс 12 жил чөлөөлөгдөнө. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт тусгагдсанаар хөнгөлөлттэй зээлээр дэд бүтэц, хотын усан хангамж, эрүүл ахуй, бохир ус, хог хаягдал, төмөр замын болон замын хөдөлгөөний аюулгүй байдал, боловсрол, мэргэжлийн боловсролын сургалт, эрүүл мэнд, иргэний хамгаалал, хөдөө аж ахуй, бусад нийгмийн дэд бүтцийн салбаруудын төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой гэж төслийн танилцуулгад дурджээ.
Хуулийн төслийн талаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэх үеэр асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуулийн төслийг батлах нь зүйтэй гэж үзсэн байна.
Хуулийн төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил: Австри улс соёл, урлаг тэр дундаа театрын барилгаар мэргэшсэн, Австричуудын хувьд театрын барилга, тайзны гэрэлтүүлэг зэрэг асуудалд мэргэшсэн тул тэрхүү чиглэлд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байдгаа илэрхийлж байсан. Тиймээс улс орнуудаас авч байгаа буцалтгүй тусламж, зээлийг төрөлжүүлэх, чанаржуулах талаар барьж байгаа бодлого бий эсэхийг лавлажээ.
Ингээд Байнгын хорооны саналаар Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх 62,5 хувь нь дэмжсэн байна.
Эх сурвалж: http://www.parliament.mn/n/wdko