ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛИЙН 2020 ОНЫ ХЭМЖЭЭГ ТОГТООЛОО

   Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1(...даатгуулагчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг Үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар дараах байдлаар тогтооно)-д заасныг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 477 тоот тогтоолоор:

   1. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.1-д заасан буюу дор заасан ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь, үүнээс ажил олгогч 2 хувь, ажилтан 2 хувь байхаар тогтоосон. Үүнд:

- Өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

- Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;

- хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч;

- хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн

   2. Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчин, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, 0-18 насны хүүхэд болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хуулийн 6.1.12-т заасан иргэний буюу хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, 6.1.1-д зааснаас бусад гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр /ихэр бол гурав/ нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх /эцэг/, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн суралцагч, хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 4200 (дөрвөн мянга хоёр зуун) төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, тэтгэврээс өөр тогтмол мөнгөн орлогогүй иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн, хүүхдээ хоёр (ихэр бол гурав) нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх (эцэг), хугацаат цэргийн жинхэнэ албан хаагч, ял эдэлж байгаа ялтны эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 8400 (найман мянга дөрвөн зуун) төгрөгөөр тус тус  тогтоосон.

   Энэ тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

   Эх сурвалж: https://www.legalinfo.mn/law/details/14896?lawid=14896