ЭРҮҮГИЙН ХУУЛЬ БОЛОН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТАЛЛАА

   Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 28 буюу 70 хувийн саналаар дэмжин баталсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжсэн байна.

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох зохицуулалтыг өөрчилж байгаатай холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолох талаар тодорхойгүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, бусдад ял завшуулахгүй байх зорилгоор хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон авлига, албан тушаалын гэмт хэргийг дахин шалгах шаардлагыг харгалзан энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм.

   Тодруулбал, одоо мөрдөн байцаалтын шатанд байгаа бүх хэргийн хөөн хэлэлцэх хугацааг зогсоож байгаа. Өөрөөр хэлбэл, шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг үүсгэсэн бүх хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг ойлголт яригдахгүйгээр зөвхөн мөрдөн шалгах хугацаа яригдах бөгөөд мөн, прокурорын хяналтын шатанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэм буруугийн асуудлыг шалгуулалгүйгээр хэрэгсэхгүй болсон Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын хэргүүдийг сэргээж шалгана гэсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд орсон юм.

    Эх сурвалж: Улсын Их Хурлын 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн чуулганы хуралдаан