УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛИЙН САНАЛ ХУРААЛТЫГ ЗУРГАДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЯВУУЛНА
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуультай холбоотойгоор боловсруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурал ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтоон, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь ээлжит сонгуулийн жилийн 06 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна, ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж тус тус заасан. Энэ үндсэн дээр боловсруулсан “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэхээр товлон зарлах, Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах авах өдрийг 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байхаар тогтоохоор тусгажээ.
Эх сурвалж: https://www.gec.gov.mn/blog/2547