МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ЯПОНЫ ОБЕРЛИН ИХ СУРГУУЛИЙН ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ СУДЛАХ ИНСТИТУТТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

  Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны урилгаар Япон Улсын Оберлин их сургуулийн Хуульчийн мэргэжлийн ёс зүй судлах институтийн профессор Сайто Такаосан 2020 оны хоёрдугаар сарын 05-ны өдөр манай улсад хоёр дахь удаагаа айлчилсан.

   Энэ удаагийн айлчлалынхаа хүрээнд Монголын Хуульчдын холбооны удирдлагуудтай уулзалт хийсэн бөгөөд уулзалтын эхэнд Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав Монголын хуульчдын түүн дотор өмгөөлөгчдийн эрх зүйн орчинд орсон өөрчлөлтийн талаар товч танилцуулж, одоогоор хуульчид нь Мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн дүрэмтэй, хариуцлага тооцдог механизмууд тусдаа байгаа бөгөөд цаашид Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах нэгдсэн дүрэмтэй байх өмгөөлөгч, шүүгч, прокурор, нотариатч нь тусдаа мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, ёс зүйн дүрэмтэй байсан ч хуульчийн хувьд Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг мөрддөг, түүнийг зөрчсөн байдалд зохих хариуцлагыг тухайлсан институт нь ногдуулдаг байх нь чухал байна гэдгийг онцолсон.

   Мөн тэрбээр хуульчдад зориулсан хуульчийн мэргэжлийн ёс зүйн сургалтыг нэгдсэн байдлаар Хуульчдын холбоо хариуцаж, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооноос сургалтын хороотой хамтран явуулдаг байх нь хуульд нийцэх бөгөөд уг сургалтын агуулга, ач холбогдолд чухал байх тул энэхүү сургалтын агуулга, сургалт явуулах хэлбэр зэргийг боловсронгуй болгоход Оберлин их сургуулийн Хуульчийн мэргэжлийн ёс зүй судлах институт болон Сайто профессортой хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

   Профессор Сайто Такаосаны зүгээс Япон, Монголын Хуульчдын холбоодын онцлог ялгаатай байдлыг харьцуулан дурдаад, Япон улсын Өмгөөлөгчдийн холбооны ёс зүйн сургалт, мэргэжлийн хариуцлагын сургалтын гол зорилго, хандлагын талаар мэдээлэл өгч, туршлага, тулгарч буй бэрхшээл, шийдлийн талаар чөлөөтэй ярилцсан. Мөн тэрбээр хуульчийн мэргэжлийн ёс зүй гэдэгт юуг ойлгох талаар юуны өмнө нэгдсэн ойлголттой байх нь чухал гэдгийг онцлоод, “Хуульчийн мэргэжлийн ёс зүй гэдэгт хуульчийн мэргэжлийн ажил үүргийг гүйцэтгэхэд зайлшгүй баримтлах тодорхой хэм хэмжээнүүдийг ойлгох зөв гэдэг дээр санал нэгдсэн. Учир нь хуульчид хариуцлага хүлээлгэх тохиолдолд хуульч ёс зүйтэй байсан эсэхийг шийдвэрлэж болох ба энэ тохиолдолд тэрхүү хуульчийн баримтлах ёс зүй нь өөрөө мэргэжлийн ажил үүрэг, мэргэжлийн нэр хүндтэй нь холбоотой хэм хэмжээг зөрчсөн гэж буруутгах нь чухал болдог. Япон улсын хуульчийн ялангуяа өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын хэм хэмжээнүүд нь тодорхой байдаг бөгөөд АНУ-ын барын холбооны хуульчийн мэргэжлийн үүрэг, хариуцлагын загвар хэм хэмжээнүүдтэй (ABA Model Code of Professional Responsibility) ижил төстэй” хэмээжээ.

   Уулзалтад оролцогчид цаашид ёс зүйн сургалтыг хуульчдад хүргэж, хуульчийг мэргэжлийн алдаа, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлгүй ажиллахад туслахад Япон Улсын хуульчийн мэргэжлийн ёс зүйн сургалтын арга техникийг суралцах, өөрийн орны туршлагад нийцүүлэх, боловсронгуй болгох ажлыг юуны өмнө хамтран хийхээр тохиролцсон бөгөөд энэ сургалтыг 2020 оны хоёрдугаар улиралд багтаан зохион байгуулах, сургалтын талаарх нарийвчилсан ажлыг Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүй хороо хариуцан хэрэгжүүлэхээр илэрхийллээ.

    Эх сурвалж: https://www.mglbar.mn/