ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ШИНЭЧЛЭН БОЛОВСРУУЛЖ БУЙ ҮЙЛ ЯВЦТАЙ ТАНИЛЦЖЭЭ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Шүүхийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж буй үйл явцтай танилцжээ.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд тусгасан Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам, шүүхийг тойргийн зарчмаар байгуулж болох зохицуулалтыг Шүүхийн тухай хуульд нийцүүлэх шаардлагын үүднээс энэхүү төслийг боловсруулж байгаа юм.
Хуулийн төсөлд:
-Шүүхийн тогтолцоог шинэчлэн тодорхойлох, шүүх эрх мэдлийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх зорилго бүхий Шүүгчдийн зөвлөлийг ажиллуулах, бүх шатны шүүхийн болон шүүгчийн болон ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг тодорхойлох;
-Улсын дээд шүүх, түүний бүрэн эрх, Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхтэй холбоотой зохицуулалт;
-Давж заалдах болон анхан шатны шүүх, түүний бүрэн эрх;
-Шүүгчид тавих болзол, шаардлага, шүүгчийг сонгон шалгаруулах, томилох журам, мэргэшүүлэх үйл ажиллагаа, шүүгчийн бүрэн эрх үүсэх, дуусгавар болох үндэслэл, журам, шүүгчийн хараат бус байдал, түүнийг хангах баталгаа, шүүгчид хориглох зүйл;
-Шүүгчид хүлээлгэх хариуцлага, оногдуулах сахилгын шийтгэлийн төрлүүд;
-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, анхан шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд оролцох иргэдийн хяналтыг сайжруулах, оролцоо итгэлийг нэмэгдүүлж, үр нөлөөг дээшлүүлэх;
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрх, ерөнхий зөвлөлийн гишүүдийг нэр дэвшүүлж томилж, сонгох журам болон зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, Шүүхийн мэргэшлийн хороо, шүүхийн захиргаа буюу Тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал;
-Шүүхийн сахилгын хорооны бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журам зэргийг тусгасан байна.
УИХ-ын дарга хуулийн төслийг 2020-04-05-ны өдөр гэхэд өргөн барих, төсөлд тусгагдсан зүйл, заалтуудад мэргэжлийн хүмүүс, байгууллага, эрдэмтэн судлаачдын саналыг авч, сайтар нягтлах, Хууль зүй, дотоод хэргийн яам, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо саналуудаа эцэслэн нэгтгэхийг үүрэг болгожээ.
Мөн тэрээр энэхүү хууль нь шүүхийг эрүүлжүүлж, хараат бус байдлыг бататган, шүүх тойрсон асуудлуудаа нэг мөр цэгцэнд нь оруулах дорвитой өөрчлөлт болох ёстой гэж онцлон тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: http://parliament.mn/n/3mmy