Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод  2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Өмгөөллийн тухай хуулийн төслийг  өргөн барилаа.

Өмгөөллийн тухай хуулийн төсөлд гадаад орнуудын сайн туршлагыг нэвтрүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа, өмгөөлөгчийн эрх зүйн байдалд хамааралтай олон улсын гэрээ, конвенцийн зохицуулалтыг судалж тусгахын зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудаас санал авах ажлын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, ач холбогдол бүхий саналуудыг тусгасан бөгөөд хуулийн төслийг 6 бүлэг, 34 зүйлтэйгээр боловсруулжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой харилцаа тусгайлсан хуулиар зохицуулагдаж, Монголын Өмгөөлөгчдийн холбоо шинэчилсэн зохион байгуулалтанд орох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийн эрх, үүрэг хуулиар батаалгаажиж, өмгөөллийн үйл ажиллагаа мэргэжлийн түвшинд явагдах эрх зүйн орчин бүрдэнэ.